“Цэвэр сайхан орчин” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-15 14:25:37
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын А/330 дугаар захирамжаар 13 сумын дунд “Цэвэр сайхан орчин” аяныг зарлаж, өнөөдөр нээлтээ хийв. Энэхүү ая нь хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орон нутгийн иргэдэд сурталчилах, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах үндсэн зорилготойгоос гадна 2016-2020 оны аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр тусгагдсан ажлуудын бэлтгэлийг хангахад чиглэж байгаа юм. Аймгийн хэмжээнд амжилттай оролцсон гурван сумыг шалгаруулж, нийт гурван сая төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллаганы хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр тусгагдсан хэд хэдэн ажил бий. Тухайлбал: Хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг тогтолцоог сумын төвүүдэд үе шаттай нэвтрүүлж, ангилан ялгах цэг байгуулах, сум бүрт тохижилтын алба байгуулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, боловсруулах, устгах бага оврын үйлдвэр байгуулах, аюултай хог хаягдлыг түр хадгалах зориулалтын байгууламжийг төвлөрсөн хогийн цэгт байгуулан хамгаалалттай болгох, аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах зэргийг дурьдаж болно. Аймгийн төвийн хогийн цэгийг тойрсон шороон далан босгож эхэлсэн, харуулын байрыг байрлуулсан гээд эдгээр нь эхнээсээ хэрэгжээд байгаа юм..
“Цэвэр сайхан орчин” аяны хүрээнд Хоггүй Сүхбаатарчууд сэдэвт эссэ бичлэг, гар зургийн уралдаан, Хогийг холивол хаягдал, хогийг ялгавал баялаг сэдэвт бүтээлийн уралдаан зарлажээ. Улмаар аяныг хамгийн сайн, үр дүнтэй хэрэгжүүлсэн гурван сумыг шалгаруулж 500 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн шагналаар шагнана.
Монгол Улсын Их хурлын 05 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд БОАЖЯ-аас нийт 45 сая төгрөгийн шагналын сантай “Цэвэр сайхан орчин” аяныг зарласан бөгөөд энэхүү аяны хүрээнд дээрх аян нь орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ.
Т. Одончимэг 
関連ニュース