Цэцэрлэгийн зуны сургалтанд 100 хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-16 13:55:13
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баяндэлгэр сумын Бөмбөөлэй цэцэрлэгийн зуны сургалт эхэлжээ. Хөдөөний гурван баг, төвийн нэг багт явагдаж буй тус сургалтанд 100 хүүхэд хамрагдаж байна. Цэцэрлэгийн захиргааны зүгээс цэцэрлэгт огт хамрагдаж байгаагүй, хөдөөний малчдын хүүхдүүдийг сургалтандаа хамруулахыг зорьсон гэнэ.
Зуны сургалтанд хамрагдаж буй 100 хүүхдийн 70 нь малчдын хүүхдүүд бөгөөд тэд өмнө нь огт цэцэрлэгт хамрагдаж байгаагүй гэнэ. “ Малчдын хүүхдүүд 21 хоногийн зуны сургалтанд суусанаар намар цэцэрлэгийн өдрийн ангид элсэн орох боломжтой болдог. Бид зуны сургалтын хугацагаа сонгохдоо ч малчдын ид ажлынх нь үе буюу 06 дугаар сарыг ихэвчлэн сонгодог болохоор хүүхдүүдийн хамрах нь их байдаг. 2003 онд салбарын сайдын тушаалаар хэрэгжиж эхэлсэн энэхүү зуны сургалт манай суманд тасралтгүй 14 дэх жилдээ хичээллэж байна. Эцэг эхчүүд, малчид ч биднийг дэмжиж, хамтарч ажилладаг нь ажлаа цааш үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Зуны сургалтанд ашиглах хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, зөөлөн эдлэлийн хувьд ч жилээс жилд бэхжиж, үйл ажиллагаа маань жигдэрч байна...” гэх мэдээллийг Баяндэлгэр сумын Бөмбөөлэй цэцэрлэгийн эрхлэгч Р. Отгонсүрэн өглөө.
Өнгөрсөн хавар тус цэцэрлэгт Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгээр 41 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, зөөлөн эдлэлийг хүлээлгэн өгсөн. Ингэснээр зуны сургалтын хэрэглэгдэхүүний материаллаг бааз бүрэн бэхжсэн гэнэ.
Баяндэлгэр бол хүн амын тоо, газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа дээгүүрт ордог сум. Тиймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдээ бүрэн хамруулж чаддаггүй бөгөөд энэ нь цэцэрлэгийн байртай холбоотой. Хэдийгээр өргөтгөл засвар хийгддэг ч анги танхимын хувьд хүрэлцээ муу байсаар байгаа юм. Энэ тухайгаа ч аймаг орон нутгийн дуирдлагуудад уламжилжээ.
Т. Одончимэг 
関連ニュース