Сүхбаатар аймгийн бүх сумдын эмнэлгүүд стандартын ороор бүрэн хангагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-16 16:32:53
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн дөрөвдүгээр сард аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар, Т. Мөнхболд нараар ахлуулсан ажлын хэсэг бүх сумдад ажиллах үеэр бүх сумдад эрүүл мэндийн төвийн орны асуудал яригдаж байсан. Уг асуудлыг ажлын хэсгийнхэн засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дүнд стандартын 107 ширхэг эмнэлгийн орыг шүүгээний хамт бүх сумдын эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

Сүхбаатар аймаг 13 сумтай. Сумдын Эрүүл мэндийн төв /ЭМТ/-үүдийн хувьд дунджаар 8-10 ортой. Хамгийн их ортой нь Мөнххаан сумын ЭМТ бөгөөд 17 ортой юм байна. Тэгвэл эдгээр эмнэлгүүдийн орны асуудлыг бүрэн шийлвэрлэлээ. Аймгийн засаг даргын захирамжаар удирдлагыг хэрэгжүүлэх зардлаас санхүүжүүлэн 48 сая төгрөгөөр 107 ширхэг орыг худалдан авч ЭМТ-үүд болон АНЭ-т хүлээлгэн өгчээ. Сумдад доод тал нь найм, дээд тал нь 17 ширхэг ор олгосон. Ингэснээр 12 сумын ЭМТ-ийн орны асуудал 100 хувь шийдэж чадсан байна. Харин АНЭ-т 15 ширхэг ор хүлээлгэн өгсөн аж.

Шинээр олгож байгаа энэхүү ор нь хөлдөө дугуйтай учир тасаг хооронд өвчтөн шилжүүлэх бүрэн боломжтой, эмч мэргэжилтнүүдэд хүндэрлгүй, мөн хоолны шүүгээтэйгээ хосоороо юм байна.  
Т. Одончимэг 
関連ニュース