Сүхбаатар аймгийн газар нутгийн 223,6 мянган га-д оготно тархжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-19 18:48:03
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/-аас холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран 13 суманд үлийн цагаан оготнын тархалтын судалгаа хийхэд Дарьганга сумаас бусад бүх сумдад оготнын голомт бий болсон нь тогтоогджээ. Гэхдээ Дарьганга суманд голомт үүсээгүй ч мөн тархалт их байгаа юм. Оготно устгалын ажил тун удахгүй эхлэх бөгөөд, ирэх сарын 01 гэхэд дуусах аж.
Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 223,6 мянган га талбайд оготны голомттой, 462,1 мянган га талбайд оготно тархсан байна. Хэнтий аймгаас оготны нүүдэл дайран өнгөрч байгаа хэмээн албан хүмүүс үзэж байгаа юм.
“Уг нь оготно устгалын ажлыг бид иргэд, малчидтайгаа хамтарч устгах ёстой. Нэг үгээр хэлбэл энэ ажилд тусгагдсан зардал иргэдэд очиж, устгалын ажил хийгдэх  юм. Гэтэл манай аймгийн хувьд өнгөрсөн жилүүдэд энэ ажил хийгдэж байсан боловч төдийлөн хангалттай байгаагүй. Жишээлбэл: 2016 онд оготно устгах ажилд 168 сая төгрөг төсөвлөгдсөн боловч түүний заруулалт, үр дүн өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Бид анхнаасаа л устгалын ажлаа чанартай сайн гүйцэтгэхгүй бол үүнийг дарж авахад маш хэцүү. Цаг зав, хөрөнгө мөнгө их шаардана. Энэ жилийн тухайд устгалын ажил оройтсон. Гэхдээ бид тархалтын судалгаагаа хийчихсэн учир устгалын ажилдаа ороход бэлэн. Ирэх сарын 01 гэхэд энэ устгалын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа. ХХААХҮЯ-аас аймгийн хэмжээнд 40 мянга га талбайд устгал хийхээр төлөвлөсөн. Гэхдээ бид үүнийг 80 мянган га болгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргад байна. Ингэхгүй бол ердөө 40 мянган га талбайд устгал хийгээд үр дүн муутай гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар устгалын ажилтай зэрэгцээд айл өрхүүд, албан байгууллагууд маань устгал, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй...” гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Э. Өлзийтогтох хэллээ.
Монгол Улсын хэмжээнд 20 гаруй овог төрлийн оготно байдаг бол Сүхбаатар аймагт эдгээрээс 3-4 овог төрлийн оготно тархаад байгаа юм байна.
Т. Одончимэг 
関連ニュース