Сүхбаатар аймгийн баруун урд сумдын нутгаар гандуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-20 17:00:34
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба /УЦУОША/- наас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг өнгөрсөн сарын 01-нээс эхлэн эхлүүлжээ. Одоогоор зургаан удаагийн үйлдлээр 34 пуужин харваад байгаа юм. Үүний үр дүнд долоон сумын нутгаар нийт 24,6-28 мм-ийн тунадас орсон байна. Гэвч үүлэнд зориудаар нөлөөлөх ажил хийгдсэнээс хойш дахин хур тунадас ороогүйн улмаас  зарим нутгаар гандах төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээлэв.
УЦУОШГ-аас энэ онд Сүхбаатар аймагт 66 ширхэг пуужин олгосон. Үүний 34 ширхэгийг харваж үүлэнд зориудаар нөлөөлөөд байгаа бол одоо 32 ширхэг үлджээ. Үүнийг цаг агаарт зориудаар нөлөөлөх нөхцөл бүрдсэн үед харвах юм байна.
“Цаг уурын чиглэл баруунаас зүүн тийш байдаг. Тиймээс бид олон газар нутгийг хамруудахын тулд цаг агаарт нөлөөлөх ажлаа ихэвчлэн баруун сумдад хийсэн. Мэдээж энэ ажлын үр дүнд хур тунадас орсон боловч энэ хаврын тухайд салхи ихтэй байсны улмаас тухайн хур тунадас маань үргэлжлүүлэн оролгүй зогсож, цаашлаад газрын чийг амархан хатааж байсан. Ер нь аймгийн хэмжээнд байгалийн жамаар хангалттай их хэмжээгээр хур тунадас орсонгүй. Үүний улмаас зарим сумд гандах төлөвтэй байгаа. Харин энэ долоо хоногт зарим сумдаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа. Одоо албанд 32 ширхэг пуужин үлдсэн. Үүнийг бид цаг агаарт зориудаар нөлөөлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд харвана. Хур тунадас орохын өмнө, ус ихтэй үүлэнд нөлөөлж чадвал пуужин нь байгалийн жамаар орох тунадасын хэмжээг 15-30 хувиар нэмэгдүүлдэг. Тиймээс бид яг тохирсон нөхцөлийг хүлээж байна...” хэмээн аймгийн УЦУОША-ны Цаг уурын хэлтсийн дарга Ц. Батхүү хэллээ.
 
Ихэнх нутгаар бэлчээрийн ургамал гандах төлөвтэй байна
 
Энэ сарын 18-ны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 46 хувьд сайн, 46 хувьд дунд, найман хувьд муу байна. Ургамлын өндөр дунджаар 3-19 см болжээ. Нутгийн баруун урд хэсгээр буюу Баяндэлгэр, Түвшинширээ, Халзан зэрэг сумдын нутгаар гандуу, хур тунадас бага унаснаас бэлчээрийн ургамлын ургалт сайнгүй байна.
 
Энэ долоо хоногт зарим сумдаар бороо орно
 
Аймгийн УЦУОША-наас өгсөн мэдээгээр энэ сарын 19-нөөс 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21-нээс 23, 25-наас 26-ны өдрүүдэд зарим нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны улмаас ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Сарын 26-наас нийт нутгаар 30 градус давж халах аж.
Т. Одончимэг 
関連ニュース