Бямба гарагт унадаг дугуйн аялалтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, Цагдаагийн газар байгуулагдсаны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 24-ны Бямба гарагт “Хотын соёлд бидний оролцоо” унадаг дугуйн аялал хийхээр болжээ.
Аймгийн Баганат талбайгаас Номгон хайрхан уулын ар хормойд орших өргөн ширэг хүртэл явах тус аялал нь нийтийн биеийн тамир, спорт дугуйн аяллыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан нийтэд түгээн дэлгэрүүлэх, байгууллага, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж буй аж.
Аяллыг Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Биеийн тамир спортын газар, “Хонгорын дугуйчин” клуб хамтран зохион явуулах юм байна. Дугуйн аялалд байгууллага хамт олон, найз нөхдөөрөө зэрэг хүссэн хэн бүр хамрагдах боломжтой бөгөөд аяллын үеэр эмэгтэйчүүдийн дунд дугуйн уралдаан, эрэгтэйчүүдийн дунд бартаат замын уралдааныг зохион явуулна.
Б.Мөнхзул