Малайз улс Умард Солонгосын иргэдэд ажил хийх зөвшөөрөл олгохоо зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-29 09:38:36
ТОКИО./TASS/. Малайзын Засгийн газар энэ оны 2 дугаар сарын дундуур Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жөн Уны ах Ким Жөн Намын амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Умард Солонгосын иргэдэд ажил хийх зөвшөөрөл олгохоо зогсоохоор шийдвэрлэжээ. Энэ тухай “Kyodo” агентлаг Малайзын Засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Тухайн үед тус улсад Умард Солонгосын мянга орчим иргэн голдуу нүүрсний уурхай, барилга дээр ажиллаж байжээ. Малайз улс 5 дугаар сард Куала-Лумпурт үйл ажиллагаагаа явуулдаг Умард Солонгосын рестораны ажилчдын ажиллах зөвшөөрлийг нь сунгаагүй учир тэд бүгдээрээ нутаг буцжээ.

Гадаадад ажиллах хүч  гаргах нь Умард Солонгосын хувьд гадаад валют олох гол эх үүсвэрүүдийн нэг юм. Өмнөд Солонгосын Засгийн газрын үзэж байгаагаар, зөвхөн Хятад улсад Умард Солонгосын 90 мянга гаруй иргэн ажил хийдэг ба тэд Умард Солонгосын төсөвт жил бүр хэдэн зуун сая долларын орлого оруулдаг байна. Энэ хөрөнгийн тодорхой хэсгийг Умардын пуужин-цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг байж магадгүй аж.

Ким Жөн Нам амиа алдсан хэрэг гарахаас өмнө Малайз улс Умард Солонгостой сайн харилцаатай байсан боловч уг хэрэг явдлаас хойш харилцаа эрс муудан хурцдаж, Пхеньян, Куала-Лумпур хоёр элчин сайдуудаа харилцан татаж, хоёр орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг харилцан хориглосон юм.
О.Барс 

 

 

 

関連ニュース