АНУ Солонгосын хойг руу атомын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо илгээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-02 13:50:17
СӨҮЛ./TASS/. АНУ, БНСУ-ын цэргийнхэн Солонгосын хойгийн район руу атомын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц илгээх боломжийг авч хэлэлцэж байгаа ажээ. Энэ тухай БНСУ-ын штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч мэдээлжээ.

“Бидэнд байгаа мэдээллээр, Пхеньян 8 дугаар сард стратегийн шинэ өдөөн хатгалгууд, тухайлбал цөмийн шинэ туршилт эсвэл тив алгасах баллистик пуужингийн туршилт хийх магадлал тун их өндөр байгаа. Иймд Солонгосын хойгийн район руу Америкийн “Carl Vinson” эсвэл “Ronald Reagan” атомын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг илгээх боломжийг хэлэлцэж байгаа” хэмээн төлөөлөгч ярьжээ.

Мөн Штабын дарга нарын хорооны төлөөлөгч, 8 дугаар сарын сүүлээр Өмнөд Солонгос-Америкийн “Ulchi Freedom Guardian” цэргийн сургуулийг хийх гэж байгаа тухай мэдээлжээ. Өнгөрсөн жил дээр дурдсан цэргийн сургуульд Өмнөд Солонгосын 50 000, Америкийн 25 000 цэргийн албан хаагч оролцож байжээ.

Энэхүү алхмыг Умард Солонгосын зүгээс эрс шүүмжилсэн байна.

“Ulchi Freedom Guardian” цэргийн сургууль хоёр үе шаттай явагддаг ба эхний үе шатанд амин чухал объектуудад болзолт дайсны үйлдлийн улмаас учирсан янз бүрийн зэрэглэлтэй хохирлын үр дагаврыг арилгах үйлдлийг туршин боловсруулах юм. Хоёрдугаар шатны зорилго нь Умард Солонгос довтолсон тохиолдолд Өмнөд Солонгос, Америкийн цэрэг хэрхэн хамтран зохицож ажиллах үйлдлийг боловсруулах юм. Тус цэргийн сургууль байлдааны нөхцөл байдалд дээд зэргээр ойртсон нөхцөлд явагддаг байна.
О.Барс 
関連ニュース