Бүсчилсэн хэлэлцүүлэгт 500 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-15 13:39:54
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг энэ сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархоринд суманд ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Өвөрхангай аймгийг гурван бүсэд хуваан хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсийн хэлэлцүүлгийг Баянгол суманд, төвийн бүсийн хэлэлцүүлгийг Арвайхээр хотод зохион байгуулсан юм.
Хангайн бүсийг хамарсан дээрх хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХИНХ-ын төлөөлөгчид зэрэг албан хаагч болон сум, багийн иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгээр иргэд төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцаж байсан бөгөөд тухайлбал, “Багийн Засаг даргыг ард түмнээс сонгодог байх, төрийн албан хаагч болгох” гэсэн саналуудыг хэлж байлаа.  Мөн “Хоёр танхимтай парламент байгуулж, хууль тогтоох байгууллага хоорондын хяналтыг сайжруулах, УИХ-ын гишүүнд нэр дэвших иргэний хуульд заасан насыг 5-10 жилээр нэмэх, томилогддог болон сонгогддог албан тушаалтныг, тухайлбал, УИХ-ын гишүүн, бүх шатны Засаг дарга нарыг эгүүлэн татах эрхийг ард түмэнд олгох, хариуцлага тооцох, Үндсэн хуульд улс төрийн намын тухай шинэ заалт нэмэх” зэрэг саналуудыг гурван бүсийн хэмжээнд иргэд олноор хэлж байсан юм.
Түүнчлэн Засгийн газрын түвшинд одоогийн төсөлд дурдагдсан таван яамны нэрийг Үндсэн хуульд зааж оруулахыг учир дутагдалтай, нэрлэвэл бүх яамдыг нэрлэх, үгүй бол тоог нь тогтоож цаашид арваас илүүгүй яамтай байхыг онцолж байв. Одоогийн төсөлд байгаа Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь “давхар дээлтэй” байж болно гэснийг Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй байхыг хориглох санал ч гарлаа.
Өвөрхангай аймгийн бүсчилсэн гурван хэлэлцүүлэгт нийт 459 иргэн оролцож, 398 иргэн саналын хуудас бөглөсөн байна.
 
Б.Батчимэг
関連ニュース