"Увс нуур" цомын барилдааны түрүү бөх 5000 ам.долларын шагнал хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын барилдаан 3 өдрийн турш үргэлжилж, өчигдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Хүчит 128 бөхөөс хоёр давсан шилдэг 32 бөх тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргалаа. Тус барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Улсын арслан Н.Батсуурь 2-р байр, Улсын аварга С.Мөнхбат 3-р байр, Аймгийн хурц арслан Н.Золбоо 4-р байр, Улсын заан Б.Соронзонболд 5-р байр, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр 6-р байр эзэлсэн юм. Түрүү бөхийг 5000 ам.доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр шагналаа. Барилдааны үеэр спортын салбарт хөдөлмөр зүтгэлээ зохиулсан ахмад тамирчид, багш дасгалжуулагч, тус салбарт ажиллаж байсан ахмад буурлууд, "Увс нуур" цомын барилдааны ивээн тэтгэгч “Келсо центр” компанийн захирал С.Сайнбаяр нарт БТСГ-ын хамт олноос хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн үеэр Увс аймгийн БТСГ-ын даргаар 20 гаруй жил ажилласан, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Улсын начин Доноровын Төрмөнхөд Улсын аварга, Гавъяат тамирчин О.Балжинням найзаас нь хүндэтгэл үзүүллээ.
Б.Батхүү