Шүлхийгээр өвчилсөн 650 гаруй малыг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний байдлаар тус аймгийн дөрвөн сумын зургаан голомтонд 27 өрхийн 656 мал шүлхий өвчнөөр өвчилснийг устгаад байна. Нийт өвчилсөн малын 118 нь Сүхбаатар аймгийн 21 малчин өрхийн мал байгаа бол үлдсэн мал нь бүгд өөр аймгийн нутгаас отроор орж ирсэн мал юм байна.
"Сүхбаатар аймагт өнгөрсөн 08 дугаар сард гарсан шүлхий өвчний гол шалтгаан нь гадны бүсээс өвчтэй мал орж ирсэнтэй холбоотой. Өвчилсөн 426 үхрийн 76,8 хувь буюу 327 нь вакцинд хамрагдаагүй бяруу болон өсвөр насны мал байсан. Эндээс бидний тарьж байгаа вакцин чанартай гэдэг нь харагдаж байгаа юм. Хамгийн гол нь эрсдэлтэй бүсийн малыг вакцинжуулалтанд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Шаардлагатай вакцин, ариутгалын бодисын хүрэлцээ, хангалт муу байгаа. Бид энэ талаар аймаг орон нутгийн удирдлагуудолон улсын онцгой комисст удаа дараа уламжилсан. Одоогоор дөрвөн сумын 209 өрхийн 54,9 мянган малыг вакцинжуулалтанд хамруулаад байна...” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Э. Өлзийтогтох хэллээ.
Тус аймагт 12 аймгийн 53 өрхийн 33 мянган толгой мал отроор орж ирээд байгаа бол ирэх өвөл аймгийн хэмжээнд 66 багийн 7800 өрхөд 3,3 сая мал өвөлжих аж.
Т. Одончимэг