Сүхбаатар аймагт 10 сургууль, нэг цэцэрлэгийн 400 гаруй багш ажил хаялтад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-21 11:04:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос тавьсан шаардлагад Монгол Улсын Засгийн газраас нааштай хариу өгөөгүйтэй холбоотойгоор өнөөдөр улс орон даяар багш нар түр ажил хаялт зарлаж байгаа. Энэ үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн арван сургууль, нэг цэцэрлэгийн 400 гаруй багш ажилчид нэгджээ.

Аймгийн хэмжээнд 16 сургууль, 23 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. 09 дүгээр сарын 20-ны 17 цагийн байдлаар аймгийн Боловсрол соёл урлагийн газрын авсан мэдээгээр дээрх байгууллагуудаас арван сургууль, нэг цэцэрлэг ажил хаяглалтад нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Нийт 440 орчим багш ажилчид өнөөдөр ажил хаялт зарлаад байгаа аж. Түмэнцогт сумын цэцэрлэг ганцаараа СӨБ-ын байгууллагаас тус үйл ажиллагаанд нэгдсэн бол бусад 22 цэцэрлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажил хаялт хэдий хугацаанд үргэлжлэх, энэ үйл ажиллагаанд аймгийн БСУГ ямар байр суурьтай оролцож байгаа талаар тодруулахад “Бид хэдэн багш ажил хаялтанд оролцож байна вэ гэдэг тоо судалгааг өчигдөр сургууль цэцэрлэгийн эрхлэгч нартай холбогдож авсан. Түүнээс биш албан ёсны үйл ажиллагаатай холбоотой зүйл бидэнд алга. Манай байгууллагын зүгээс багш нарын цалин нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ шаардлага хууль ёсных байх ёстой.  Хамгийн гол нь ажил хаялт зохион байгуулах ажлыг тухайн байгууллагын үйлдвэрчний эвлэл нь маш сайн зохион байгуулах ёстой...” хэмээн БСУГ-ын дарга Л. Байгалмаа хэллээ.
Т. Одончимэг
 
 
関連ニュース