Ойта мужийн Ротари клубаас Увсын хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-21 16:16:14
 Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Хөл бөмбөгийн холбоо болон Японы Ойта мужийн Ротари клубын хамтын ажиллагааны хүрээнд Ротари клубын зүгээс Улаангом сумын 200 хүүхдэд 10 сая төгрөгийн цүнх, хичээлийн хэрэгсэл хандивлалаа. Энэ дагуу өнөөдөр Улаангом сумын ЗДТГазар дээр 60 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэгслийг нь гардуулан өгсөн юм. Маргааш үлдсэн 140 хүүхэд цүнхээ авах аж.
 Ротари клуб нь 2015 онд Увс аймгийн Хөл бөмбөгийн холбоонд 6 сая төгрөгийн хөл бөмбөгийн хэрэгслийг, 2016 онд аймгийн төвийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран харьяа тойргийн сургуулиудад 6 сая төгрөгийн үнэ өртөг бүхий микроскоп, телескоп, глобусыг хандивлаж байсан юм. Хандивын зүйлсийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Увс аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож гардуулан өглөө. Тэрбээр өмнө нь Японы Ойта мужийн дунд сургуульд суралцаж байсан бөгөөд энэ шугамаараа дамжуулан Увс аймгийг Ойта мужтай холбох гүүр болоод байна.
Б.Батхүү
関連ニュース