Д.Трамп Пуэрто-Рикогийн иргэдэд цаасан алчуур шидэж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-05 09:19:36
САН-ХУАН. /Ройтерс/.  Маш хүчтэй “Мария” хар салхинд нэрвэгдсэн Пуэрто-Рико аралд Дональд Трампын хийсэн 5 цагийн айлчлалыг тус арлын нийслэл Сан-Хуан хотын дарга “доромжлол”  гэж үзэж буйгаа илэрхийлснийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Сан-Хуан хотын дарга өчигдөр телевизээр үг хэлэхдээ “Д.Трамп Пуэрто-Рикод өнөөдөр таван цаг саатах үеэрээ цугласан иргэдэд гал тогооны цаасан алчуур шидэж өгсөн нь “аймшигтай доромжлол, гутамшигт үйлдлэл” юм” гэжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Твиттер” хуудсандаа “Пуэрто-Рикод “гайхалтай сайхан өдөр”-ийг өнгөрүүллээ” гэж бичсэн байна.

“Мария” хар салхинд нэрвэгдсэнээс хоёр долоо хоногийн дараа Д.Трамп Пуэрто-Рикод очиж нөхцөл байдалтай танилцсан нь энэ юм. Пуэрто-Рико нь АНУ-ын харьяанд байдаг арал билээ. Гамшгийн дараа Пуэрто-Рикогийн оршин суугчдад туслах арга хэмжээг шуурхай авсангүй, үл ойшоож байна гэж арлын иргэд Цагаан ордныг шүүмжилж байгаа юм.

Тус арлын 4 сая орчим оршин суугчийн ердөө 7 хувиас бусад нь гэрэл цахилгаангүй байна. Арлын алслагдсан нутгийн оршин суугчид хоол хүнс, ундны ус, эм тариа болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байна.

“II зэрэглэлийн иргэд”

Д.Трамп Пуэрто-Рикод “гайхалтай сайхан өдөр”-ийг өнгөрүүлсэн байж болох ч тус арлын 4 сая орчим оршин суугчийн 90 гаруй хувь нь гэрэл цахилгаангүй, үүрэн телефоны сүлжээгүй болоод 10  гаруй хонож байна.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын  Засгийн газар Пуэорто-Риког сэргээн босгохын тулд ямар арга хэмжээ авч, юу хийнэ гэж Д.Трамп хэлснийнг арлын оршин суугчдын олонх нь сонсож чадаагүй гэсэн үг. Мөн Д.Трамп тус арлын хамгийн чинээлэг газар болох Гуайнабо сууринд л очсон байна.

Д.Трамп биднийг “II зэрэглэлийн иргэд” гэж үздэг болохыг энэ айлчлал улам бүр нотлон харууллаа гэж Пуэрто-Рикогийн оршин суугчид ярьжээ.

Д.Трамп тус аралд өчигдөр хийсэн 5 цагийн айлчлалынхаа үеэр “Гамшигт өртөн амиа алдана гэдэг аймшигтай хэрэг. Гэхдээ 2005 онд хэдэн зуун хүний аминд хүрч, хэдэн мянган хүнийг орон гэргүй болгосон “Катрина” хар салхи бол жинхэнэ гамшиг. Харин энэ арлыг дайрсан хар салхи ердөө л арлыг бүхэлд нь гэрэл цахилгаангүй болгосон байна” гэжээ.

Тэрбээр дараа нь Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Розеллогоос “Мария” хар салхи хэдэн хүний аминд хүрснийг асуусан байна. Захирагч Р.Розелло “17” гэж хариулахад Д.Трамп “17? 16 хүн амиа алдсан гэж байсан биш билүү? “Катрина”-тай харьцуулахад харин ч гайгүй өнгөрчээ” гэж хэлжээ. 2015 онд Луизиана муж улсын Нью-Орлеан хотыг дайрсан “Катрина” хар салхи нь 1833 хүний аминд хүрч байсныг Д.Трамп дурдсан байна.

Пуэрто-Рикод “Мария” хар салхины улмаас амиа алдагсдын тоо 34 болж нэмэгдсэнийг захирагч Р.Розелло дараа нь тодруулан мэдэгдсэн гэнэ. Д.Трамп Пуэрто-Рикогийн холбогдох албаны хүмүүстэй уулзсаныхаа дараа Сан-Хуан хоттой танилцаж, иргэдтэй уулзах үеэрээ тэдэнд гал тогооны цаасан алчуур шидэж өгчээ.

Энэ айлчлалын дараа Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “АНУ-ын Засгийн газар гамшигт нэрвэгдсэн газруудад 29 тэрбум ам.доллар илгээхээр төлөвлөж байна” гэжээ.
 
Үүний 13 тэрбум ам.долларыг нь Пуэрто-Рико, Флорида болон Техасын хар салхинд өртсөн хүмүүст, 16 тэрбум долларыг нь засгийн газраас санаачилсан үерийн даатгалын хөтөлбөрт хамрагдсан хүмүүст нөхөн төлбөр болгон өгөх аж.
Г.Доржханд
関連ニュース