Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах талаар хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-06 11:31:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй 8 аймгийн нэг нь Сүхбаатар аймаг. Тиймээс сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сүрьеэгүй ирээдуйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт хэлэлцүүлэг болж байна. 
Оролцогчид сүрьеэгийн тухай ойлголт, өнөөгийн чиг хандлага, дэлхий дахин болон Монгол Улс, Сүхбаатар аймгийн Сүрьеэгийн өвчлөл, хэрэгжүүлж буй арга  хэмжээ, цаашдын зорилт, сүрьеэтэй өвчтөнийг ялгаварлан гадуурхалтад өртөхөөс сэргийлэх, сорьц авах, хадгалах, тээвэрлэхэд анхаарах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж, үйл ажиллагаагаа тодорхойлж буй юм.
“Манай аймгийн хувьд сүрьеэгийн өвчлөл өндөртэй аймгийн тоонд ордог. Жилийн дундаж үзүүлэлтээр 10 мянган хүн тутамд өвчлөл 13-14 хувьтай илэрдэг. Энэ нь бусад аймгуудын дунджаас дээгүүр, улсын дунджийн төвшинтэй ойролцоо байдаг. Хойшид сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийн төслийн хэрэгжилтийн үр дүнд, нөгөө талаар аймгийн ЭМГАНЭ, сумдын эрүүл мэндийн төвүүд мөн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран энэ ажлыг эрчимжүүлбэл өвчний илрүүлэлт сайжирч, өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой” хэмээн АНЭ-ийн Сүрьеэгийн зохицуулагч их эмч М. Урансайхан хэллээ.
Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэгийн сорьц тээвэрлэх” төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ хамтран сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож байна.
 
Т. Одончимэг 
関連ニュース