Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 72 жилийн ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-10 14:10:09
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн нам /СХН/ байгуулагдсаны 72 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Пхеньян өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж холбогдох улс орнууд болгоомжилж байна гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Өнөөдөр Умард Солонгосын нийслэл Пхеньян болон бусад хотод энэ ойд зориулсан баярын олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бололтой.

Тус улсын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн бямба гарагт мэдэгдэл хийхдээ “Манай улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгох болно” гэсэн юм. АНУ-ын эх газарт хүрч цохилт өгөх хүчин чадалтай баллистик пуужин үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд Умард Солонгос цөмийн туршилт хийж, тив алгасах баллистик пуужингууд харвасаар байгаа юм. Энэ зорилгодоо бараг хүрсэн гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сарын 15-нд мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр “Манай улс АНУ-д хамгийн чанга хатуу хариу арга хэмжээг барих болно” гэж өнгөрсөн сард анхааруулсан юм.

Энэ сарын эхээр Пхеньянд айлчилсан Оросын нэгэн төлөөлөгч саяхан “Умард Солонгос АНУ-ын баруун эрэгт хүрэх хүчин чадалтай, алсын тусгалтай баллистик пуужин харвахаар зэхэж байна” гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгос болон АНУ-ын холбогдох албаны хүмүүс “СХН-ын 72 жилийн ойгоор Пхеньян пуужин харвах гэж байж болзошгүй” гэж үзэж, сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.
 
Г.Доржханд
関連ニュース