Хятадын Коммунист намын XIX их хурал эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-18 09:42:10
БЭЭЖИН. /Шиньхуа/Ройтерс/. БНХАУ-ын улс төрийн хамгийн том үйл явдал болох Хятадын Коммунист намын /ХКН/ ээлжит буюу XIX их хурал өнөө өглөө 09:00 цагт Бээжин хотын Ардын их хурлын ордонд эхэллээ гэж "Шиньхуа" агентлаг мэдээллээ.

Энэ удаагийн их хуралд ХКН-ын 89 сая гаруй гишүүнээс сонгогдсон 2300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Таван жил тутамд зохион байгуулдаг, хаалттай их хурлын үеэр ХКН-ын удирдлагын түвшинд томоохон халаа сэлгээ хийхийн зэрэгцээ тус улсын ирэх таван жилийн хугацаанд баримтлах бодлогыг авч хэлэлцэж, тодорхойлдог уламжлалтай.

Ши Жиньпин 2012 онд БНХАУ-ын дарга болсон билээ. Тэрбээр дахин таван жил эрх баригч ХКН-ыг даргална. Хятадын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийг XIX их хурлын үеэр шинээр томилох юм.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Бээжингийн хаа сайгүй XIX их хурлын туг далбааг намируулж, үндсэндээ “баяр ёслол”-ын байдалтай байна.

Гэхдээ нийслэл хотод ямар нэгэн халдлага, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс аюулаас хамгаалах хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сонор сэрэмжээ дээшлүүлээд байгаа аж. Аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд зарим зоогийн газар, шөнийн цэнгээний газар, караоке зэрэг үйлчилгээний газруудыг түр хаажээ.

ХКН энэ их хурлаар Ши Жиньпиний үзэл суртлыг Үндсэн хуульдаа тусгаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ингэснээр түүний статус ХКН-ын аугаа удирдагчид болох Мао Зэдун, Дэн Сяопинтэй эн зэрэгцэх юм.

Ши Жиньпин нь БНХАУ-ын дарга болсноосоо хойш ХКН-ын хүрээнд хяналт шалгалтыг чангатгаж, авлигатай хатуу тэмцсээр байна. Түүний удирдлага дор Хятад улс нийгэм болоод эдийн засгийн хувьд хурдацтай хөгжсөөр байгаа бөгөөд жирийн иргэд нь түүнд “ам сайтай” байна гэж ажиглагчид хэллээ.

Энэ их хурал яг хэзээ дуусах нь хараахан тодорхойгүй байна. 
Г.Доржханд
関連ニュース