Өлгий хотын сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар "Дэлхийн зөн Монгол" Олон Улсын байгууллагатай хамтран аймгийн төвийн 10 байгууллагад ус цэвэршүүлэгч байршуулжээ.
Одоогоор уг ажил Өлгий сумын ерөнхий боловсролын найман сургууль, МСҮТ, Нийтийн номын санд хэрэгжжээ. Дээрх байгууллагуудад 17,3 сая төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг ус цэвэршүүлэх төхөөрөмж тавигджээ. Мөн энэ ажлын хүрээнд усны ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, 1000 орчим хүүхэд хамрагджээ.
Сургуулийн насны хүүхдүүдийг цэвэр ус уух боломжоор хангаснаар тэдний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Тийм учраас цаашид уг ажлыг хөдөөгийн сургуулиудын дотуур байранд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Дашрамд хэлэхэд, хүний биеийн нийт жингийн жаран хувийг ус эзэлдэг бөгөөд химийн гол үйлчлэлийг зохицуулдаг байна. Түүнчлэн бие эрхтнүүдээс хорт бодисыг гадагшлуулж, эд эсүүдэд тэжээлийн бодисыг түгээн чих, хамар, хоолойг чийгшүүлэх үүргийг гүйцэтгэдэг байна. Иймд хүн өдөртөө өөрийн жинг 30 мл-ээр үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний ус уухыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг ажээ.
Ө.Нурболат