Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан "Шувуун саарал" наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Нийтийн номын сан, Дэлхийн Зөн Ховд дахь салбар хамтран Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан "Шувуун саарал" богино өгүүллэг, уран уншлагын наадмыг 21 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, тэдний хэл яриаг зүгшрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, номтой нөхөрлүүлэхэд энэхүү наадам чиглэжээ.
"Шувуун саарал" богино өгүүллэг, уран уншлагын 21 дэх удаагийн наадамд тус аймгийн төвийн найман сургууль, 17 сумын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчид, оюутан залуус, насанд хүрэгчдээс бүрдсэн нийт 100 гаруй авъяастан оролцож, 1-4 дүгээр анги, 5-8 дугаар анги, 9-12 дугаар анги, оюутан залуус, иргэд гэсэн дөрвөн насны ангиллаар өрсөлдсөн байна.
Мөн наадмын шүүгчээр аймгийн ХДТ-ын драм ангийн багш н.Алтангэрэл, ахмад уран бүтээлч н.Балжинням, Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа нар ажилласан юм.
Наадмын нэгдүгээр үе шатны насанд хүрэгчдийн ангилалд Ховд их сургуулийн оюутан Сарангэрэл, Лхамноржин, Байгалзаяа нар эхний гурван байр эзэллээ. Тусгай байранд иргэн Эрдэнэцогт, тусгай байранд Ховд их сургуулийн оюутан Нямцэцэг нар тус тус шалгарлаа.
9-12 ангийн сурагчдын ангилалд байранд Манхан сумын ЕБС-ийн 12в ангийн сурагч Ч.Баярмаа,Буянт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хуралай, Эрдэнэбүрэн сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Ш.Баярмаанар эхний гурван байрт шалгарлаа. Тусгай байранд Жаргалант сумын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Агерке, 6-р сургуулийн 12б ангийн сурагч Батцэцэг нар тус тус шалгарав.
5-8 ангийн сурагчдын ангилалд Буянт сумын ЕБС-ийн 7 б ангийн сурагч Ш.Амаржаргал, 4а ангийн сурагч Д.Хишигдэлгэр, Дуут сумын сургуулийн 7а ангийн сурагч Г.Маргадмаа нар эхний гурван байр эзэллээ. Тусгай байранд Дөргөн сумын сургуулийн 5а ангийн сурагч Э.Буянтогтох, Цэцэг сумын сургуулийн 7а ангийн сурагч Б.Алтан-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
1-4-р ангийн сурагчдын ангилалд Буянт сумын сургуулийн 4а ангийн сурагч Б.Отгоншагай, 4а ангийн сурагч А.Мөнхцэцэг, Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 1а ангийн сурагч Ц.Нандин-Эрдэнэ нар эхний гурван байр эзэллээ.
Тусгай байранд Манхан сумын сургуулийн 4в ангийн сурагч М.Агиймаа,4а ангийн сурагч Т.Эмүжин нар тус тус шалгарсан байна.
“Шувуун саарал-2017” наадмын нэгдүгээр үе шатанд насны ангилал тус бүрт шалгарсан таван оролцогч хоёрдугаар шатанд оролцлоо. Харин хоёрдугаар шатанд эхний 3 байр эзэлсэн оролцогчдын дунд цахим хэлбэрээр санал хураалт явуулж Гранпри шагналтанг тодруулах юм.
Тус наадмын хоёрдугаар шатны үйл ажиллагаа 10 сарын 29-нээс 30-ны өдрүүдэд явагдаж, насны ангилал тус бүрт эхний 3 байранд шалгарсан оролцогчдын дүрс бичлэгийг хийж, интернэтэд байршуулж, 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг хүртэл олон нийтийн дунд санал хураалт явуулж “Гранпри” шагналын эзнийг тодруулахаар боллоо.
Наадмын “Гранпри” шагналтанг тодруулах олон нийтийн цахим санал хураалтын ажлыг аймгийн Нийтийн номын сан гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
А.Бямбасүрэн