Түвшинширээ сумын сургууль ариун цэврийн байгууламжаа шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-29 10:52:44
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын ерөнхий боловсролын сургууль эрүүл ахуйн шаардлага хангасан, сайжруулсан ариун цэврийн байгууламжтай боллоо. Хөдөөгийн сургуулиудын дотуур байрын нөхцөлийг сайжруулах зорилгоор БСШУСЯ-аас тус ажилд долоон сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.

“Манайх хуучин ариун цэврийн байгууламжаа 2007 оноос хойш өнөөг хүртэл ашигласаар ирсэн. Чанар нь муудаж, багш сурагчдын эрүүл ахуйд ч сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн байсан. Харин байгальд ээлтэй, сайжруулсан нүхэн жорлонтой болсноор энэ бүх асуудал маань шийдэгдэж байна. Энэхүү шинэ байгууламж нь 21 метр куб нүхтэй, агааржуулагчтай, сүүлийн үеийн канад технологиор хийгдсэн учир цас шороо, ялаа шумуул орохгүй. Ингэснээрээ хүүхдүүдийн эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцнэ гэж бид үзэж байгаа юм. Бохирыг нь соруулаад байх учир 15 ба түүнээс дээш жил ашиглах бүрэн боломжтой гэдэг баталгааг гүйцэтгэгч компани нь өгсөн” гэж сургуулийн захирал Ц.Цэцэгдэлгэр хэлэв.

Тус сургууль нийт 500 орчим сурагчтай, дотуур байранд нь 60 сурагч амьдардаг юм.
Т.Одончимэг 
関連ニュース