АТГ-ын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн талаар хэвлэлд гарсан мэдээлэлд тайлбар өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-30 20:58:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-10-ны өдрүүдэд тус аймагт АТГ-ын ажлын хэсэг ажилласан. Тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлттэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Сүхбаатар аймаг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа гэсэн мэдээлэлд аймгийн Засаг дарга З.Энхтөр албан ёсны тайлбар өглөө.
 
Тэрээр хэлэхдээ “АТГ-аас энэ сард ихэнх аймгуудад шалгалт хийсэн. Мэдээж мэргэжлийн байгууллага дүгнэлтээ хийгээд тодорхой тайлангаа иргэдэд танилцуулсан. Гэвч энд танилцуулагдсан тооноос зарим нэг тоо баримтыг нийлүүлж ямар нэг байдлаар буруу зөрүү мэдээлэл тарааж иргэдийг төөрөлдүүлэх байдал ажиглагдаж байгаа учраас энэ талаар тодорхой тодруулга мэдээллийг өгч байна.
Ер нь аймгийн засаг даргын нөөцөд жилдээ 300-350 орчим сая төгрөг батлагддаг. 2016 оны хувьд 330 сая төгрөг манай аймагт батлагдсан. Энэ мөнгөний 300 орчим сая төгрөгийг өмнөх удирдлага зарцуулсанаас 70 орчим сая төгрөгийг шагнал урамшуулалд зарцуулсан байдаг. Миний хувьд 2016 оны долоодугаар сарын 21-ний өдөр ажлаа авсан. Үүнээс хойш 13 сая төгрөгийн шагнал урамшуулал олгосон байна. Мэдээж Засаг даргын нөөц хөрөнгө зарцуулагдахдаа тодорхой хуулийн дагуу явагддаг. Нэгдүгээрт, аймаг орон нутгийн удирдлагад өвчтэй зовлонтой, гэр орон хүссэн, халамж шаардлагатай гээд ихэвчлэн зорилтот бүлгийн иргэд ханддаг. Мөн аймаг орон нутгийн нэрийг өндөрт өргөж, спортын уралдаан тэмцээнд тив дэлхийн хэмжээнд амжилт гаргаж байгаа тамирчид, соёл урлагийн алдартнууд, боловсролын салбарын багш сурагчдаа шагнаж урамшуулдаг тусгай журам ч байдаг. Энэ бүхний дагуу тодорхой хөрөнгө зарцуулсан. Гэтэл үүнийг өөр бусад дүнтэй нэгтгээд их хэмжээний мөнгө зарцуулсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсанд харамсаж байна.
Хоёрдугаарт, 2017 он гарсаар бид 38 орчим сая төгрөгийн шагналын зардал гаргасан байна. Гэхдээ эцсийн дүнд энэ шагнал урамшуулал бол тухайн орон нутгийн иргэдээ л дэмжиж байгаа нэг хэлбэр,  орон нутгийн иргэддээ л зарцуулагдаж байгаа хөрөнгө. Энэ бол эдгээр хүмүүсийг дэмжихээс гадна цаашид амжилт үзүүлэх урам зориг болдог. Энэ оны хувьд Засаг даргын нөөц хөрөнгө гэж 350 сая төгрөг батлагдсан. Энэ мөнгөний ихэнх хэсэг шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэм тогтоох, машин техникийн бензин тос, ажилчдын томилолт зэрэгт зарцуулагдсан. Бид үүнийг урьдчилж нөөцөөсөө гаргаад дараа нь ОБЕГ руу хүсэлт тавьж, нөхөн  шийдвэрлүүлдэг. Дараагийн нэг зүйл бол хүлээн авалтанд их мөнгө зарсан байна гэж байгаа юм. Мэдээж хэрэг аймаг орон нутагт төр захиргааны байгууллагын төлөөлөгчид, төрийн өндөр албан тушаалтан, цаашлаад хөрш зэргэлдээ орны зочид төлөөлөгчид ирж ажилладаг. Хамтын ажиллагааны арга хэмжээний хүлээн авалт зэрэгт тодорхой хөрөнгө зарцуулах нь ойлгомжтой. Тодорхой төсөвт заагдаагүй иймэрхүү ажлын зардлууд бүгд Засаг даргын нөөцөөс гардаг. Цаашлаад аймгийн засаг даргын хөтөлбөрт тусгагдсан бүсийн хэмжээний хэд хэдэн салбарын сургалт зөвлөлгөөнүүд энэ жил нэлээд зохиогдсон. Энэ бол аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой. Ийм чиглэлээр тодорохой хөрөнгийг, хууль захирамжийн дагуу зарцуулдаг. Энэ бол хаана ч, аль ч аймаг орон нутагт байдаг зүйл. Тиймээс төсвийн хөрөнгийг ямар нэг байдлаар үр ашиггүй зарцуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй бол сүүлийн хоёр жил зарцуулсан нийт мөнгийг бүгдийг нь шагнал урамшуулалд үр дүнгүй зарцуулсан мэтээр мэдээлэл тарсан байна гэлээ.
Мөн аймгийн Засаг даргын зүгээс АТГ-тай холбогдож дээрх асуудлыг тодруулсан байна. "Яг бодитой тоо баримтыг тайландаа гаргаж тавьсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ мэдээллийг дамжуулахдаа баримтыг гуйвуулах,  2016, 2017 оны төсвийн нийт дүнг нэгтгэх зэргээр буруу ташаа мэдээлэл хүргэсэн байх талтай. Үүнд манайхаас хяналт тавих боломжгүй гэдгээ мэдэгдсэн” гэж хариу мэдэгдсэн байна. 
 Т.Одончимэг
関連ニュース