Алт олборлогчид нөхөн сэргээлтэд хайнга хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-30 21:47:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ИТХ-ын даргын зөвлөх Н.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид алтны уурхай бүхий сумдаар ажиллаж, хяналт шалгалт хийгээд иржээ. Ажлын хэсэг Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Уянга, Зүүнбаян-Улаан сумдаар явж, хууль бусаар алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгасан байна. 
Хайрхандулаан сумын зарим иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, бичил уурхай эрхлэх хүсэлтээ сумын Засаг даргад тавьсан байх бөгөөд сумын ИТХ-ын 2017 оны 5 сарын 8-ны өдрийн тогтоолоор дөрвөн газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглахаар тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг аймгийн ЗДТГ-т ирүүлжээ. 50 га бүхий дээрх газруудад 2013 оноос эхлэн хувиараа алт олборлогчид үйл ажиллагаа явуулж, техникээр газрыг эвдрэлд оруулсан байна. Ажлын хэсэг очих сургаар "нинжа" нар хэдийн зугтаасан байсан тул уулзаж чадаагүй, сумын Засаг даргад үүрэг даалгавар өгөөд ирсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч Н.Ганбат хэлэв.
Баруунбаян-Улаан, Нарийнтээл суманд Таац голын хоёр талаас хууль бусаар ашигт малтмал олборлож, голоос хоёр метрийн зайд алтны шалам урсаж байсан зэргээс болж голын хувь заяа ихээхэн хүнд байдалд орсон байгааг ч дуулгалаа. Шалгалтын үеэр Хас багана ХХК голоос 30 метрийн хайгуулын дээж авч байсныг зогсоон Зөрчлийн хуулийн дагуу 1,5 сая төгрөгөөр торгожээ. Тус сумдууд дахь алт олборлогч иргэд мөн л хяналт, шалгалтын чимээгээр зугатаасан байсан байна. Сумдын удирдлагуудын хэлж байгаагаар иргэд тогтмол орлоготой ажил олдохгүйн улмаас банкнаас зээл авч алт ухах том техник хэрэгсэл авчихдаг бөгөөд түүгээрээ хууль бусаар алт олборлодог, эргээд нөхөн сэргээлт хийдэггүй учраас газар нутаг ихээхэн эвдрэлд орж байгаа аж.                               
Уянга суманд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй АУМ-Алт, Буд-Ундрам, Өгөөмөр-Өргөө, Баярсгоулд зэрэг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг тодорхой түвшинд хийдэг ч Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль болон бусад тогтоол шийдвэрийг мөрддөггүй, хөрс хуулалт, хадгалалт стандартын дагуу бус, техникийн нөхөн сэргээлт хийчихээд дараа жил нь биологийн нөхөн сэргээлтийг хийдэггүй гэхчлэн зөрчлүүд олон байгаа аж. Тус суманд Бидний түшээ, Голд магнет, Аум-алт, Гарден сити зэрэг компаниуд хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байна. Аймаг, сумын Засаг дарга нарын үйл ажиллагаа, хяналт шалгалт хангалтгүй, аймгийн Эрдэс баялгийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргаагүй, ганц хүний гарын үсгээр зөвшөөрөл өгсөн зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг ажлын хэсгээс дүгнэн хэллээ.
Б.Батчимэг
関連ニュース