“Хүрэн морь” наадам 26 дахь жилдээ боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн “Нийтийн номын сан”, аймгийн Зохиолчдын холбоотой хамтран Төрийн соёрхолт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь-2015” яруу найргийн наадам 26 дахь жилдээ зохион байгууллаа.
Их найрагчийн төрсөн нутаг болох Галуут суманд болсон тус наадамд Баянцагаан, Бууцагаан, Баянлиг, Богд, Галуут, Хүрээмарал, Гурванбулаг, Өлзийт, Баянхонгор сумдаас нийт 31 яруу найрагч оролцож, эх орон, нутаг ус, хайр дурлалын сэдэвтэй шүлгүүдээр өрсөлдсөн байна.
Наадамд Баянбулаг сумын яруу найрагч С.Ганболд өнгөлж, Баянхонгор сумын Соогоо сейкео сургуулийн багш С.Мөнхтогтох, Баянлигийн Д.Эрдэнэцэцэг, Бууцагааны Б.Чулуунчимэг , Баянцагааны П.Оюунцэцэг нар удаалжээ. Мөн “Өсөх ирээдүйтэй яруу найрагч”-аар яруу найрагч З.Батхуяг, “Үзэгчдийн таашаалд нийцсэн яруу найрагч”-аар Галуут сумын яруу найрагч н.Пүрэвсүрэн нар шалгарсан байна. Мөн үеэр аймгийн Нийтийн номын сан, аймгийн Музейгээс нүүдлийн үзэсгэлэн дэлгэж олны хүртээл болгожээ.
Сонирхуулахад, “Хүрэн морь” цомыг Чөлөөт уран бүтээлч, тус нутгийн сийлбэрч, МУСТА н.Пүрэвсүрэн бүтээжээ. Тус цом дараа дараагийн наадмуудад өнгөлсөн найрагчдад очих шилжин явах цом юм.
Б.Мөнхзул