Г.Энхцэцэг: Сүхбаатар аймгаас соёлын биет бус хоёр өв улсын өвд бүртгэгдсэн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-19 16:57:08
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд соёлын биет болон биет бус өвийн асуудлаар дэлхий дахин анхаарлаа хандуулж, тухайн улс, аймаг орон нутгийн үндэсний өв соёлыг хадгалах, хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Соёлын өв нь байгаль, газар нутгийн онцлог, ард иргэдийн амьдралын зан үйл, ёс заншлаас хамааран өөр өөр байдаг. Тэгвэл Сүхбаатар аймгийн хувьд соёлын хичнээн биет бус өв болон өв тээгч байдаг, түүнийг хадгалж хамгаалах чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Г.Энхцэцэгтэй товч ярилцлаа.  
-Сүхбаатар аймагт хичнээн төрлийн соёлын биет бус өв бүртгэгдсэн байдаг юм бэ? Ер нь энэ өвийг бүртгэх ажил хэрхэн хийгддэг вэ?
-Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт соёлын биет бус 60 орчим төрлийн өв бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ талаарх судалгаа аймгийн Угсаатны зүйн музей дээр нарийвчлан хийгдсэн байдаг. 2010 онд аймгийн засаг даргын захирамжаар 2900 гаруй км газар явж түүх соёлын үл хөдлөх хөшөө дурсгал, биет бус өв тээгч нартайгаа уулзаж, баримтжуулах ажлыг хийсэн байдаг. Тухайн үед 88 өвийг бүртгэж байсан ч одоо зарим нь устаж үгүй болоод одоо 60 орчим төрлийн өв байгаа гэж бодож байна. Соёлын биет бус өв гэдэг маань өөрөө утга учиртай л даа, зүгээр нэг дээл оёдог хүнийг ч юмуу чөдөр тушаа энгийн байдлаар зангидчихдаг хүнийг өв тээгч гэж хэлэхэд хэцүү л дээ. Тухайн зүйлийг эрт дээр үеэсээ уламжилж ирсэн, тэр түүхэн өв уламжлалыг одоо үед бий болгож, тэрийгээ хийж, ярьж чаддаг цаашлаад хүүхэд багачууд, олон нийтэд сурталчилж, түгээн дэлгэрүүлж чаддаг тийм хүнийг л өвлөн уламжлагч гээд байгаа юм. Энэ талаар хүмүүс ойлголт харилцан адилгүй байдаг.
-Сүхбаатар аймагт бүртгэлтэй байгаа энэ 60 орчим соёлын биет бус өвөөс хамгийн сонин содон өвийг нэрлэвэл?
-Манай малчид сүүлийн үед дандаа Хятадын мяндсан уяагаар малын чөдөр тушаа, ногтоо хийж байна. Гэтэл Баяндэлгэр суманд н.Батдэлгэр гэдэг хүн малынхаа арьс ширээр, яг хуучны монгол технологиор энэ бүхнийг хийж өөрийн амьдрал ахуйдаа ашиглаж байна. Энэ бол бас л сонин содон өвдөө орох юм. Учир нь энэ бол ховордож, устаж үгүй болж буй өв. Арьсаа дэвтээхээс эхлээд хусах, хатаах, чулуунд гуядаж зөөллөх, зөөлөрсөн арьсаа тосолж битүү ороох гээд маш нарийн арга, технологитой. Дараагийн өвийг хэлхээ тоонотой гэр хийх арга гэж хэлж болно. Хэлхээ тоонотой гэрийг дээр үед үүн шиг муухай юм байхгүй гээд аргал дээрээ чулуудчихдаг байсан. Гэтэл одоо хэлхээ тоонотой гэр маань тэр утгаараа их ховордсон. Одоо манай аймагт энэ хэлхээ тоонотой гэрийг хийж чаддаг нэг л хүн байна. Үүнээс гадна сүүлийн үед миний хамгийн их сонирхож, судлаж байгаа зүйл бол шавар зуухны өв юм.
-Сүхбаатар аймаг Дарьгангын мөнгөн урлалаар алдартай. Хуучны алдарт дархчуулын хийсэн бүтээлүүд одоо ч иргэдийн гар дээр хадгалаастай байдаг. Энэ бол биет өв. Гэтэл одоо Сүхбаатар аймагт Балдосор шиг, Молом гуай шиг мөнгөн урлал хийж чадах, үүнийг өвлөж авсан дархчуул яг хэд байна вэ? Яг Дарьганга хийцээр урладаг дархан их ховордсон гэж сонсож байсан?
-Тийм ээ яг үнэн. Дарьганга хийцийн мөнгөн эдлэл маань биет өв болоод хадгалагдаж байна. Гэтэл энэ өвийг тээгч яг үнэндээ ховордоод байна. Яахав өвөөгийнхөө юмуудыг бол үе дамжуулан хадгалж хамгаалж байгаа ач зээ нар байна. Зарим нь дархаа хийж байна, аан бас хийхгүй ч хүн байна.
-Өв тээгч маань үгүй болбол өв дагаад устаж байдаг. Тэгэхлээр энэ том соёл, биет бус өвийг сурталчилах, хадгалж авч үлдэх тал дээр төр захиргааны зүгээс холбогдох байгууллагын зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Тиймээ тийм. Энэ сайхан монголын үндэсний өв соёлыг хайрлаж хамгаалах талаар төр засаг маань оновчтой бодлого шийдвэр гаргах ёстой. Сүүлийн үед соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр ЮНЕСКО-оос эхлээд гадаад дотоодын байгууллагууд анхаарлаа хандуулж байгаад их баяртай байгаа. Аймаг орон нутгийн түвшинд эхний ээлжинд ядаж л одоо бүртгэлтэй байгаа өвүүдээ бичиж баримтжуулаад, хадгалчихмаар байгаа юм. Бид энэ талаар аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Мөн бид саяхан өв тээгчдийн аймгийн зөвлөлгөөнөө хийлээ. Энэ бол бас л үр дүнтэй ажил. Хаа хаана ямар өв тээгчид байдгийг бусад хүмүүс, өв тээгч нар мэддэг боллоо. Бид зөвлөлгөөнөөр цаашид энэ соёлын хадгалж авч үлдэх, сурталчилан таницлах тал дээр хэрхэн ажиллах ёстой талаараа ярилцаж, сумдын соёлын төвийн эрхлэгчидтэй ч энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байгаа. Мөн манай аймгийн хувьд энэ соёлын биет болон биет бус өвийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийгдэж буй ажил бол “Ганга нуурын чуулган” арга хэмжээ юм. Сүүлийн гурав, дөрвөн жил энэ арга хэмжээг зохион байгуулснаар олон сайхан соёлын өвүүд шинээр гарч ирж байгаа.
-Сүхбаатар аймгийн биет бус өв тээгчдээс улсын өвд бүртгэгдсэн хичнээн тохиолдол байдаг вэ? Тэдгээр өв тээгчид одоо байгаа юу?
-Сүхбаатар аймгаас улсын өвд 2003, 2004 онуудад хоёр өв бүртгэгдсэн байдаг. Үзэмчин ардын дууны өв тээгч Хишгээ гуай бий. Эрдэнэцагаан сумын харьяат, одоо 80 гарсан, сайхан хүн бий. Их олон үзэмчин дуу мэддэг. Энэ хүнийг гадна дотны жуулчид их сураглаж очдог гэсэн. Дараагийн хүн бол морин хуурч Л.Цэдэвсүрэн багш байна. Одоо 70 настай. Дарьгангын алдарт хуурч Ш.Сааралын гарын шавь. Л.Цэдэвсүрэн гуай бол манай аймагт дарьгангын морин хуурын зургаан татлагыг мэддэг ганц хүн. Гэхдээ сүүлийн жилүүдэд түүний хувьд үүнийгээ хүүхэд багачуудад зааж сургаж байгаа. Энэ бол маш сайн. Одоогоор ийм хоёр өв улсын өвд бүртгэгдсэн байна. Цаашид бид өөрсдийн ховор содон гэх өвүүдээ улсын өвд бүртгэлэх ажлыг төлөвлөж байгаа.  
Т.Одончимэг
関連ニュース