Р.Цэндсүрэн: Би брайль үсгийг анх утсаар ярьж заалгасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-05 15:55:15
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сан, Хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөлтэй хамтран явуулсан Брайль-марафон уншлагын уралдаанд 10 гаруй хүн оролцсоноос Эрдэнцагаан сумын иргэн Р.Цэндсүрэн түрүүлжээ. Тэрээр анх брайль үсгийг утсаар ярьж, заалгаж байжээ.

Р.Цэндсүрэн харааны бэрхшээлээсээ болоод сүүлийн хэдэн жил гэртээ суужээ. Нэг өдөр МҮОНР-оор хараагүй иргэдэд зориулсан брайль үсгийн талаарх мэдээллийг сонсоод аймгийн төврүү хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөлийн багштай утсаар холбогдож, утасны цаанаас брайль үсгийг заалгасан байна. Одоо тэр брайль үсгээр хэвлэгдсэн ямар ч төрлийн ном, сэтгүүлийг төвөггүй уншдаг болжээ.
Тэрээр хэлэхдээ “Анх гэртээ юу хийхээ мэдэхгүй, өдрийг нэгэн хэвийн уйтгартай өнгөрүүлдэг байсан. Харин брайль үсгийг сурсанаасаа хойш брайль ном их уншдаг болсон. Ингэснээрээ би өөрийгөө хөгжүүлж эхэлснээс гадна өөрөө мэдээ мэдээллийг олж авдаг болсон. Манай суманд брайль ном байдаггүй болохоор аймгийн төврүү болоод бусад газарлуу хүмүүст захиж авчруулдаг. Одоо би том роман тууж, түүхэн зохиолууд уншмаар байна. Гэхдээ эдгээр нь брайлаар хэвлэгдсэн байдаг үгүйг мэдэхгүй юм. Ер нь юу ч хамаагүй унших л их дуртай болсон. Брайль үсэг миний нүд болдог.” гэлээ.

Брайль–марафон уншлагын уралдааны талаар зохион байгуулагчид болоод оролцогчид ихээхэн сэтгэл хангалуун байсан бөгөөд тус тэмцээнийг цаашид тогтмол зохион байгуулахаар болсон юм. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэдийн өөрсдийгөө хөгжүүлэх, нээх бас нэгэн боломж хэмээн тэд үзэж байна.
Т.Одончимэг
 
関連ニュース