“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар 900 орчим эх бүртгүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-09 16:59:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 0-3 настай хүүхдээ гэртээ харж буй ээжүүдэд болон 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу орон нутагт дээрх тэтгэмжинд хамрагдах иргэдийн бүртгэл хийгдэж байна. Баруун-Урт сумын хэмжээнд 01 дүгээр сарын 09-ний байдлаар 900 орчим ээж, 30 гаруй өрх толгойлсон эцэг, эх бүртгүүлээд байгаа аж.

“Тэтгэмжинд хамрагдах иргэдийн хүсэлтийг өдөр бүр авч байна. Ажлын ачаалал мэдээж нэмэгдсэн. Өрх толгойлсон эцэг эхчүүдэд үзүүлэх тэтгэмжийн хувьд хуучин 0-14 насны хүүхэдтэй гэдэг байсан бол шинэ хуулиар 0-18 хүртэлх насны хүүхэд гэж заасан. Үүнтэй холбоотойгоор хүсэлт гаргах өрх толгойлсон эцэг эхчүүд өмнөх жилүүдээс нэмэгдэж байна” хэмээн нэг цонхны үйлчилгээний Нийгмийн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхнаран хэллээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 3300 өрх толгойлсон эцэг эх байдаг ба үүний дийлэнх нь буюу 2500 орчим нь өрх толгойлсон эхчүүд байдаг байна. Харин Баруун-Урт сумын хэмжээнд өрх толгойлсон 317 эх, 45 эцэг байгааг аймгийн Статистикийн хэлтэс мэдээлэв.  
Т.Одончимэг 
関連ニュース