Жон Лангтри: Сүхбаатар аймагтай хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэх сонирхолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-17 11:57:54
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга З.Энхтөрийн урилгаар Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нэгдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт ажилласан. Тэрээр Сүхбаатар аймагт анх удаа ирж байгаа бөгөөд түүнтэй ажлын айлчлалын талаар товч ярилцлаа. Түүний хувьд цаашид Сүхбаатар аймагтай хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.
-Сайн байна уу та. Сайн явж байна уу? Таны хувьд өмнө нь Сүхбаатар аймагт ирж байв уу. Энэ удаагийн ажлын айлчлалын зорилго, чиглэл юу вэ?
-Сайн, сайн байна уу. Юуны өмнө ажлын айлчлалын талаар цаг алдалгүй мэдээлэл бэлтгэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Сүхбаатар аймагт хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Аймгийн засаг дарга З.Энхтөрийн урилгаар анх удаа зочлон ирж байна. Ажлын гол зорилго маань аймгийн нэгдсэн эмнэлэг/АНЭ/-т хэрэгжиж байгаа “Амилуулах лавшруулсан тусламжийн сургалт”-ын төслийн нээлтэнд оролцож, төслийн хэрэгжилттэй танилцахаар ирсэн.
-Уг төсөл Сүхбаатар аймагт хэрэгжээд хагас жил болж байна. Та, аймаг орон нутгийн удирдлагуудын хамтаар төслийн хэрэгжилттэй танилцлаа. Таны дүгнэлт?
-Тус аймагт хийж буй айлчлалынхаа хүрээнд АНЭ-т шинээр байгуулагдсан сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагтай танилцлаа. Их сайхан ажил хийсэн байна. Мөн амилуулах лавшруулсан тусламжийн сургалтын үйл явцтай танилцлаа. Энэ сургалтанд зөвхөн аймгийн төвийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулаад зогсохгүй нийт хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулж, маш өргөн цар хүрээг хамарч чадсан учир надад маш гүн сэтгэгдэл төрлөө. Төслийн хэрэгжилт маш сайн гэж үзэж байна.
-Сүхбаатар аймагт төслийн хүрээнд гарч буй сайн туршлагыг бусад аймгуудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж та хэлж байсан. Яг ямар туршлагыг улс орон даяар, бүх аймгуудад ижил түвшинд нэвтрүүлэх боломжтой гэж харж байна?
-Манай Австрали улс Монгол Улстай адил шинж нь алслагдсан хүн ам ихтэй. Хүн амын нутагшил сийрэг учир ямар нэгэн онцгой тохиолдол болон хүний амь нас эрсдэлд орох юм бол хамгийн түрүүнд ойрхон байгаа эмнэлгийн ажилтан л анхан шатны тусламж үзүүлдэг. Гэвч нарийн мэргэжлийн эмч нар ихэвчлэн төв суурин газраа байдаг учир алслагдсан газар нутгийн сувилагч, эмнэлгийн ажилтан энэ тусламжийг үзүүлэх шаардлага гардаг. Гэвч хүн бүр үүнийг чадахгүй шүү дээ. Тэгэхээр Сүхбаатар аймгийн хувьд төслийн хүрээнд хөдөө орон нутаг, аймгийн төвийн бүхий л эмч ажилтнуудаа энэ сургалтанд хамруулж байгаа нь хүн амын хэрэгцээт үйлчилгээг бүгд жигд үзүүлэх боломжтой болж байгаа юм. Цаашид бусад аймгуудад яг энэ туршлагыг л нэвтрүүлэх ёстой.
-Австрали болоод Сүхбаатар аймгийн хоорондын хамтын ажиллагаа сайн байгаагийн нэг илрэл бол эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл, түүний үр дүн гэж ойлгож байна. Цаашид ямар салбарт хамтран ажиллах боломж байгаа вэ?
-Бид өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай биечлэн уулзсан. Энэ үеэр онцлон тавьсан нэг асуудал бол умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч гол шалтгаан болдог хөхөнцөр вирусын эсрэг вакциныг нэвтрүүлэх явдал юм. Энэ ажил амжилттай болбол энэ аймгийн хүн амын эрүүл мэндэд маш оновчтой, зөв шийдэл болох юм. Энэ их том ажил шүү.
-Энэ хөхөнцөр вирусын эсрэг вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Энэ вакциныг амжилттай туршиж байсан тохиолдол бий юу?
-Монгол Улс төдийгүй Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдрын тохиолдол сэтгэл түгшээсэн асуудал болсон. Өвчлөлийн хувьд ч их дээгүүр бичигддэг. Австралийн эрдэмтэд энэхүү хөхөнцөр вирусын эсрэг вакциныг маш амжилттай бүтээж, өөрийн орондоо нэвтрүүлсэн. Энэ бол дэлхийн шилдэг сайн туршлагуудын нэг болсон учир бидэнд энэ талаарх туршлага байна. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Яг энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газрын түвшинд хүртэл ярилцаж байгаа. Улс, аймгийн хэмжээнд бидний тавьж буй асуудлыг нааштайгаар хүлээж авч байгаад талархалтай байгаа.
-Айлчлалын хүрээнд ЕБС болон МСҮТ-ийн суралцагч, багш нар, төрийн албаны залуучуудтай уулзаж харилцан яриа өрнүүллээ. Эндээс хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг олж харсан байх. Энэ уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Бидний уулзалтын гол сэдэв боловсролын түвшингээ сайжруулах, Австрали улсад суралцах, туршлага судлах ямар боломж байна вэ гэдэг зүйл байлаа. Хүн бүр ийм асуулт тавьж байсан. Их сайхан илэн далангүй уулзалт боллоо. Уулзалтын өмнө аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай уулзсан. Энэ үеэр боловсролын чанарыг сайжруулах ямар боломж байгааг хоёр талаасаа ярилцсан. Эхний ээлжинд манай улсын алсын зайны сургалтын туршлагаас суралцаж болох юм гэсэн саналыг би дэвшүүлсэн. Манайх анх радио дээр түшиглэн алсын зайны сургалтыг нэвтрүүлж байсан бол одоо үүнийгээ орчин үеийн техник технологийг ашиглан хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөр, үйл явц бүгд агаараар дамждаг гэж ойлгож болно. Энэ алсын зайн сургалтын хамарч байгаа цар хүрээг авч үзэхээр 1,3 сая шоо дөрвөлжин километр талбайг хамарсан байдаг. Тэгэхээр энэ технологи, энэ аргачлалыг англи хэлний сургалт дээр нэвтрүүлэх ямар боломж байна гэдгийг судалж үзэх нь зүйтэй.
-Таны хувьд бүтэн өдрийн турш Сүхбаатар аймагт ажиллалаа. Ерөнхийдөө ажлын айлчлалаа дүгнэж хэлбэл та юу гэж хэлэх вэ?
-Танай аймгийн удирдлагууд, миний уулзсан хүмүүс бүгд л  аймаг орон нутгаа хөгжүүлье, ЕБС-ийн багш нар, хүүхдүүд нь хэлний мэдлэгээ дээшлүүлье гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь үнэхээр их таалагдлаа. Цаашид Австрали улс танай аймагтай хамтын ажиллагаагаа илүү сайжруулж, хөгжүүлье гэсэн сонирхол дүүрэн байна. Анхны айлчлал маш амжилттай сайхан болж, сэтгэл өндөр буцаж байна.
-Баярлалаа
Ярилцсан Т.Одончимэг
 
 
 
 
関連ニュース