Аймгийн хэмжээнд 7000 гаруй зуух бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-19 19:51:08
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого хийгдэж дуусчээ. Тооллогоор аймгийн хэмжээнд 10кВт хүчин чадалтай зуух 6953, 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуух 166, 101кВт-аас дээш хүчин чадалтай 25 зуух бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд жилд нийтдээ 91163,9 тонн нүүрс, 25751 тонн арга, хөрзөн түлж байгаа нь агаарыг бохирдуулах нэг эх үүсвэр болж байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.

Мөн алба амины 9000 орчим автомашин, мотоцикль жилд 14,5 гаруй мянган тонн бензин, дизель түлш хэрэглэж байгаа нь агаарыг төрөл бүрийн хорт хийгээр бохирдуулах бас нэгэн эх үүсвэр болж байгаа аж.

Үүний зэрэгцээ агаар бохирдуулагч дараагийн эх үүсвэр бол ил задгай асгасан үнс агаарт дэгдэж тоосжилт үүсгэж буй явдал юм. Дулааны станц, том оврын уурын зуухнуудын үнсийг ил задгай байлгасны улмаас салхины нөлөөгөөр их хэмжээний шороо тоос агаарт хөөрч, агаарыг бохирдуулдаг байна. Жилд ойролцоогоор 30 гаруй мянган тонн үнс хаягдаж байгаа нь агаар дахь тоосжилтын хэмжээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна гэв.

 
Т.Одончимэг
関連ニュース