“Чиндао - 2015” Гран при тэмцээний аваргаар Н.Түвшинбаяр тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭБНХАУ-ын Чиндао хотноо энэ амралтын өдрүүдэд болсон “Чиндао 2015” олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээний -100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр тэргүүн байр эзэлж алтан медалийн эзэн болов.
Монголын жүдочид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртсэн амжилтаар багийн дүнгээр 57 орныг ардаа орхиж, Японы шигшээ багийн дараа II байрт шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнд 59 орны 375 /эрэгтэй 236, эмэгтэй 139/ жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин ур чадвараа сорьсон юм. Манай жүдочдоос Хөдөлмөрийн баатар -100 кг-д Н.Түвшинбаяр, ОУХМ Д.Сумъяа 57 кг-д тус тус алтан медалийн эзэд болсон бол дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг-д, ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-д тус тус мөнгөн медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон, эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар тус тус хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар шагналт долдугаар байрт шалгарсан юм.
Дашрамд сонирхуулахад, Казахстаны нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж байгаа Монгол Улсын иргэн ОУХМ Г.Отгонцэцэг тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
Д.Өлзий