Сири рүү байлдааны хөлөг онгоц илгээх төлөвлөгөө Иранд байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-23 11:59:11

ТЕГЕРАН. /IRNA/. Сирийн Тартус боомт руу байлдааны хөлөг онгоц илгээх төлөвлөгөө Иранд байхгүй гэж тус улсын Тэнгисийн цэргийн командлагч, усан цэргийн контр-адмирал Хабиболла Саяяари мэдэгдэв.

Каспийн тэнгисээс Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд Иран, ОХУ-ын тэнгисийн цэргийн аль нь пуужингийн цохилт өгснийг түүнээс асуухад тэрбээр, Иран Сири рүү пуужин харваагүй гэж мэдэгджээ.

Иран энэ өвөл “Велаят 94” тэнгисийн цэргийн сургуулилт зохион байгуулах зорилготой байна гэж тэрбээр мэдэгдэв. Мөн тэрбээр, Ираны Тэнгисийн цэргийн 37 дугаар флот ирэх сарын 1-нд далайн аюулгүй байдлыг хамгаалах бодлогын хүрээнд Адены буланг зорино гэж мэдэгдсэн байна.

Худалдаа болон нефть тээгч хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хамгаалахын тулд Иран олон улсын усан дахь цэргийн оролцоогоо сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжүүлж байна.

Манай Тэнгисийн цэргийн хилийн чанад дахь ажиллагаа энх тайван, найрамдлын захиаг бусад оронд дамжуулах зорилготой гэж Иран удаа дараа мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга

 

関連ニュース