Төрийн ажилтны сахилга бат, хариуцлагыг бүрэн хангаж ажиллахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-26 18:14:10
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо. Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Түүнчлэн төрийн байгууллагын бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын гаргасан албан даалгаварыг заалт бүрээр нь хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг бүрэн хангаж, тайлагнаж ажиллахыг удирдлагуудад үүрэг болгов.  

Мөн төрийн албан хаагч бүр хууль тогтоомж, төрийн албаны стандартыг чанд мөрдөж, сахилга бат, хариуцлагатай ажиллахаас гадна удирдлагууд албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулан хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн үнэлэгдсэнийг урамшуулан, муу үнэлэгдсэнд хариуцлага тооцон ажиллахыг анхаарууллаа.

“Зарим хэлтэс агентлагууд сар бүрийн мэдээ тайлангаа шаардуулж байж өгдөг. Энэ явдлыг цаашид засах, анхаарах шаардлага нэн тэргүүн тавигдаж байна. Мөн өөрсдийн хийсэн ажлаа иргэдэд нээлттэй, ил тод байлгаж мэдээллэх нь чухал байна. Аймаг орон нутагт, нийгмийн бүхий л салбарт бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна. Гэтэл энэ талаар орон нутгийн иргэд мэдээллээ авч чадахгүй байна. Тиймээс бид орон нутаг болон төвийн зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, бүх сумд, хэлтэс агентлагуудад ажлаа мэдээллэх боломжийг нээлттэй олгож байна. Хариуцлагын жилийн хүрээнд ЗГ-аас гурван стратеги дэвшүүлж, 27 зорилт хэрэгжүүлэхээр болсон. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, ард иргэдийнхээ эрүүл мэнд нийгмийн асуудалд шат шатандаа анхаарал хандуулж ажиллахыг ЗГ-аас үүрэг болгосон. Үүний хэрэгжилтэнд онцгойлон анхаарах шаардлагатай байна.” хэмээн аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Сүхбаатар хэллээ.

Зөвлөлгөөнд аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, хэлтэс агентлаг, албан байгууллагуудын дарга нар оролцлоо. Сумдын Засаг дарга нар 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан бол, хэлтэс агентлаг, албан байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, чиглэлээ энэ үеэр танилцуулсан юм.
Т.Одончимэг       
 
 
関連ニュース