Б.Тэгшжаргал: Энэ тоглолт дээр өөрийн зохиосон шинэ уран бүтээлүүдээ сонсогчиддоо хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-27 15:27:18
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Анх 17 настайдаа театрт хөл тавьж, урлагийн хүн болох гараагаа эхлүүлж байсан хөгжимчин Буджавын Тэгшжаргалтай ярилцлаа. Хорвоогийн хамаг үнэнийг хоёрхон чавхдасандаа багтаасан морин хуур хөгжмийг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сурч, өөрөө тоглохын зэрэгцээ  өрөөлд сургаж яваа залуу уран бүтээлч хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байна. Өөрийнх нь зохиосон дуу, хөгжмийн бүтээлүүд ээлжит тоглолтон дээр эгшиглэж, анхны сонсогчиддоо хүрэх аж. 

-Морин хуурч Б.Тэгшжаргалын хувьд хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл хэрхэн хангагдаж байна. Энэ удаагийн тоглолтын гол онцлог юунд байна?
-Хоёр дахь тоглолтын хувьд хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт:  Дорнод аймгийн Алтан гадас одонт хөгжимт драмын театрын симфони найрал хөгжим оролцохоороо  их онцлог.  Энэ бол манай аймагт анхны тохиолдол. Тоглолтын бэлтгэл маш сайн хангагдаж байна. Саяхан Дорнод аймагт очиж найрал хөгжимтэйгөө бэлтгэл хийгээд ирсэн. Өөрийн аймагтаа мэдээж ардын найрал хөгжимтэйгөө дасгал сургуулилтаа тогтмол хийж байна. Симфони болон ардын найрал хөгжимтэй хамтран хоёр ч төрлийн бүтээл тоглоно. Ер нь энэ удаагийн тоглолтонд дэлхийн болон Монголын томоохон бүтээлүүдийг сонгож авсан.  Хоёрдугаарт: Би өөрөө хэд хэдэн дуун ая болон хөгжмийн бүтээл бичсэн. Эдгээр бүтээлүүд маань тоглолтон дээр эгшиглэж үзэгчдийн хүртээл болох гэж байна. Ер нь голчлон миний өөрийн бүтээл тоглогдоно. Дууг маань манай театрын дуучид дуулах юм. Мөн өнөөгийн нийгэм, цаг үеийн байдлыг илэрхийлсэн Энд гэдэг нэртэй миний зохиосон шүлэг, аялгууны хамтаар уншигдах болно.

-Анхны тоглолт үзэгчид дүүрэн болж байсныг санаж байна. Сүүлийн үед иргэд орон нутгийн уран бүтээлчдээ дэмжиж, их сайн ойлгодог болсон болов уу гэж би хардаг. Орон нутагт болж буй тоглолтуудаас ийм зүйл ажиглагддаг л даа. Тиймээс уран бүтээлчид маань буцаагаад үзэгчдээ хүндлэх гэдэг зүйл их чухал. Би яагаад ийм зүйл яриад байна вэ гэхээр зарим тоглолтууд үзэгчдийн урмыг хугалах тохиолдол гардаг?
-Мэдээж тийм. Үзэгч гэдэг бидний хувьд хамгийн том шүүгчид байдаг. Үзэгч байхгүй бол уран бүтээлч гэх хүмүүс оршин тогтнохгүй шүү дээ. Үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байна гэдэг хамгийн том шагнал юм даа. Таны хэлж байгаа үнэхээр зөв. Манай иргэдийн урлагийн мэдрэмж маш их дээшилж, тэр хирээрээ театраа, уран бүтээлчдээ их хүндэлдэг болсон. Тийм сайхан хайр хүндлэл, итгэл өвөрлөөд ирж байгаа хүмүүсийн урмыг хугалах эрх надад байхгүй. Тиймээс энэ удаагийнхаа тоглолтыг шинэлэг, сонирхолтой байлгах талаас нь их анхаарч байна. Миний тоглолтыг үзэхээр ирж байгаа хүн бүхэн надад чухал. Гэхдээ би аавдаа л үзүүлэх юмсан гэж хамгийн ихээр хүсч байна. Харамсалтай нь тийм боломж байхгүй ч аав минь тэнгэрийн орноос хүүгээ хараад бахархаасай гэж хүсэж байна.

-Жаахан шарга театрт хэддэх жилдээ ажиллаж байна. Та яг мэргэжлийн морин хуурч уу?
-Би морин хуур хөгжмийг тоглоод арав гаруй жил болж байна. Хэдийгээр би сургуулийг нь төгссөн мэргэжлийн морин хуурч хэдий ч хэзээ ч өөрийгөө болсон гэж боддоггүй. Нумт хөгжим гэдэг бол байнгын бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг. Тухайн бүтээлийг хөг, өнгийг цэвэр гаргах тэр мэдрэмж хамгаас чухал. Тиймээс хөгжимчин болохын тулд одоо ч  суралцсаар л байна.

-Таны хувьд театртаа хөгжимчнөөр ажиллахын хажуугаар морин хурын дугуйланг хичээллүүлдэг. Дугуйлан байгуулагдаад хэдий хугацаа өнгөрөв, энэ хугацаанд хичнээн хүүхэд танд шавь оров?
-Дугуйлан хичээллэж эхлээд тав дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд олон хүүхэд ирсэн байдаг. Тэдгээрээс тууштай явсан хүүхэд бий, хэдхэн хоног яваад орхисон хүүхэд ч бий. Хөгжимчин болно гэдэг цэвэр тухайн хүний хүсэл тэмүүлэлтэй холбоотой. Чин хүсэл эрмэлзэлтэй байж урлагийн хүн болж чадна. Би хүүхдүүддээ урам өгөхийн тулд хоёр жилин өмнө тоглолтыг нь хийлгэж, эцэг эхчүүд болоод бусад хүмүүст юу сурч мэдсэнийг нь танилцуулсан. Мөн ардын хөгжмийн хамтлаг байгуулж өгсөн. Ингэснээр хүүхдүүд маань илүү их хичээн чармайж, урлагт илүү их сэтгэл зүрхээ зориулж эхэлсэн. Одоогоор манай дугуйланд 30 гаруй хүүхэд хичээллэж байна.

-Дугуйлангийн хүүхдүүдээс төгсөөд яг энэ чиглэлээрээ их дээд сургуульд явсан хүүхэд бий юу?
-Байлгүй яахав. СУИС болон ХБК-д морин хуурчаар маш амжилттай сурч байгаа хүүхдүүд байна. Энэ л миний дугуйлангийн ажлын маань үр дүн юм даа.

-Морин хуур тоглохоос гадна хөөмийлэх, бас цуур хөгжим тоглодог. Манай аймагт цуур хөгжим тоглодог хүн таниас өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Цуур бол хангайн нутгийн гайхамшигт өвийн нэг. Энэ өвийг өөрийн орон нутагтаа сурталчлаад явж байна гэдэг бас нэг талаар бахархмаар юм шиг санагддаг?
-СУИС-д Одсүрэн багшийн удирдлаган дор хөөмийг заалгаж байсан. Тухайн үедээ цуур хөгжмийг давхар сурсан л даа. Үүнийгээ би аз гэж боддог. Хангай  нутгийн цуурчид бол үндэсний хөгжмөө жинхэнэ утгаар нь тоглодог. Бид хэдий арга техникийг нь сурсан ч бас л яг тэдэн шиг дуугаргаж чаддаггүй. Хүн хүний онцлогоос шалтгаалдаг байх. Яг ижилхэн, нэг багшаар заалгасан хэрнээ л ялгараад байдаг. Хүний цусандаа байдаг гэж ярьдаг даа, яг л тийм. Миний хувьд мэдээж сурсан болохоороо хуур хөгжимтэйгөө хослуулан тоглодог. Дугуйлангийнхаа хүүхдүүдэд ч давхар заадаг. Цуур хөгжмийн хүрэлцээ муу учир усны нарийн цагаан хоолойгоор өөрөө цуур хөгжим хийгээд хүүхдүүддээ өгдөг. Анхан шатны мэдлэг олгож байгаа гэдэг утгаараа гарын доорх материал ашиглаж хийсэн хөгжим маань болоод л байдаг юм.

-Хөөмий, морин хуур, цуур гурав хоорондоо үнэхээр төгс зохицдог юм шиг санагддаг. Магадгүй тийм ч болохоор та энэ хөгжмийг сурсан байх?
-Тэгэлгүй яахав, үнэхээр тийм. Морин хуурын нэг бүтээл дээр цуурын дуугаралт оруулаад өгөхөд л шал өөр болдог. Илүү амьд болдог гэж болно. Анх цуурын дуугаралтыг манай үзэгчид их сониучханаар хүлээж авч байсан бол одоо харьцангуй энэ хөгжмийн талаар мэддэг болсон байна.
 
-Урлагийн хүн гэдэг цаг наргүй ажилладаг. Аливаа баяр ёслол болоход өөрсдөө баярлахгүй бусдыг баярлуулаад явж байдаг хүмүүс. Энэ үед мэдээж ар гэрийн ажил орхигдоно. Ер нь таныг, таны ажлыг гэр бүлийн хүн хэр ойлгож дэмждэг вэ? Энэ таны амжилтанд их чухал нөлөө үзүүлэх байх л даа?
-Тэгэлгүй яахав. Ажлаа амар тайван хийж яваа маань миний ханьтай сайлшгүй холбоотой. Манайх ам бүл зургуулаа. Би дөрвөн сайхан хүүтэй. Хань маань л хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, сурч боловсроход нь анхаарал тавьдаг. Миний ар талыг бат даадаг гэж хэлж болно. Тийм ч учраас би уран бүтээлдээ, ажилдаа анхаарлаа хандуулж чаддаг. Амьдрал сайхан байна, элэг бүтэн, энх тунх байна гэдэг хамгийн том аз жаргал юм даа. Ер нь тэгээд нэгэнт би энэ мэргэжлийг, энэ замыг сонгож,  сэтгэл зүрхээ өгсөн болохоор эцсээ хүртэл үүнийхээ төлөө явна гэж боддог.

-Хүүхдүүд нь морин хуур тоглодог уу?       
-Өөрийн хүүхдэд юм заана гэдэг хамгийн хэцүү юм билээ. Гэхдээ том хүүдээ би анхан шатны мэдэгдэхүүн олгосон. Түүнийгээ цааш хөгжүүлээд үргэлжлүүлэх эсэх нь өөрийнх нь дур. Ер нь айл болгон морин хууртай, гэрийнх нь аль нэг хүн аливаа баяр ёслолоор морин хуураа аваад ганц сайхан ая татаад гэрийнхээ жаврыг үргээчихдэг байгаасай гэж би хүсдэг. Дугуйлан хичээллүүлж байгаагийн нэг зорилго маань ч энэ.

-Сүхбаатар аймаг бол тал хээрийн бүс нутаг. Газар нутгийн онцлогоосоо шалтгаалан морин хуурын аялгуу нь хүртэл өөр байдаг гэж ярилцдаг. Тайзан дээр гараад хөгжмөө тоглож байх үед төрдөг тэр мэдрэмжийг та юу гэх вэ?
-Тийм шүү. Тайзан дээр хөгжмөө тоглож сууж байхдаа өөрийн эрхгүй эзгүй хээр тал төсөөлөгддөг. Морьд янцгаалдаад л. Үнэхээр сайхан. Гэхдээ ямар ая тоглож байхаас мэдээж хамаарна л даа. Ер нь л тэгээд тайзан дээр хуураа бариад суухдаа би хэн хүнээс илүү аз жаргалтай, баяр баясгалантай болдог. Үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмж төрдөг гэх үү дээ. Ажил амьдралаас шалтгаалсан олон асуудал гарна. Бухимдалтай, стресстэй үедээ хөгжмөө бариад нэг сайхан аялгуу тоглоход өөрийн эрхгүй тайвширчихдаг.

-Морин хуурын Дарьганга татлага бол манай нутгийн соёлын хосгүй өв. Үүгээрээ улсдаа гайхагддаг. Таны хувьд эдгээр Дарьганга зургаан татлагыг тоглодог уу. Морин хуурч болгон бас энэ татлагыг тоглож чаддаггүй шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Манай Дарьганга татлага бол үнэхээр гайхалтай. Мэдээж өөрийнхөө хэмжээнд эдгээр татлагыг тоглохыг оролддог, бүгдийг мэднэ. Гэхдээ энэ татлага их сонин. Миний бодлоор эдгээр татлагыг тоглох хүнд цаанаасаа өгөгдөл нь байдаг юм шиг санагддаг. Надад хөгжим тоглохыг авъяас хайрласан ч яг тэр зургаан  татлагыг тоглох өгөгдөл нь дутуу юм болов уу гэж боддог. Яаж ч хичээгээд Л.Цэдэвсүрэн гуай шиг өнгийг гаргаж чаддаггүй. Гэхдээ мэдээж энэ нутгийн хүү гэдэг утгаараа хаана ч очсон зургаан татлагаа татчихна аа. Энэ бол нэг талаараа миний үүрэг шүү дээ. Дугуйлангийнхаа хүүхдүүдэд ч би эдгээр татлагын талаар анхан шатны мэдлэг өгөхийг хичээдэг.

-Хөдөө орон нутгийн театрт хөгжих боломж хомс гэж зарим хүмүүс ярьдаг. Зарим залуу уран бүтээлчид төв газрыг зорих нь ч элбэг. Жаахан шарга театраас гэхэд л дуучин, бүжигчин гээд хэд хэдэн хүн явлаа шүү дээ. Таны хувьд ер нь аль нэг тийш явж ажиллах бодол байдаг уу?
-Тийм бодол ёстой байдаггүй. Хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд хаана ч байсан адилхан. Хотод байх, хөдөө байх ямар ч ялгаагүй, адилхан л урлагийн байгууллага. Харин ч хүн орон нутагт илүү их юм сурч, хөгждөг гэж би ойлгодог. Техник технологийн хөгжил энд ч байна. Тиймээс бидэнд боломж байна аа л гэсэн үг. Би нутгаасаа явах талаар нэг ч удаа бодож байгаагүй.

-Театр бол ариун сүм гэдэг. Энэ сүмийн нэгэн эс болно гэдэг хүн болгонд тохиох боломж биш байх?
-Тэгэлгүй яахав. Би ер нь өөрийгөө их азтай хүн гэж боддог. Энэ сайхан нутагт, сайхан хүмүүсийн хүү болж төрсөн. Харин одоо ариун сүмийн хүү болоод явж байна. Цаашдын бүх зүйл надаас л шалтгаална.

-Тоглолтын завгүй бэлтгэлийн дундуур зав гарган ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээг?
-Маш их баярлалаа. Тоглолт маань сайхан болно гэж найдаж, тийм байлгахын төлөө хичээж байна. Энэ дашрамд тоглолтыг маань дэмжиж хамтран ажиллаж байгаа театрын дарга, тоглолтын ерөнхий продюссер Б.Батсайханд болон хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Танд ажлын амжилт хүсье.
Т.Одончимэг
関連ニュース