Архангай аймгийн “Сайн-Оюут” салбар зөвлөлд компьютер, принтер хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-03 17:42:01
Архангай /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр нар Архангай аймгийн “Сайн-Оюут” салбар зөвлөлийн гишүүн сэтгүүлчидтэй уулзаж, ажлаа авснаасаа хойшхи 50 гаруй өдөрт хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлууд, барьж ажиллах бодлогоо танилцууллаа. Мөн МСНЭ-ийн Архангай аймгийн “Сайн-Оюут” салбар зөвлөлд компьютер, принтер хандивласан юм.

Тэрээр “Төсөл, санхүүжилтийг 50 хувиар, мэргэжлийн сэтгүүлчийн ажлыг 50 хувиар харж бодлого барьж ажиллана. Өөрөөр хэлбэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад ОУБ, хувийн томоохон компаниудад төсөл бичиж, ажил хийснээр редакцийн санхүүжилт нэмэгдэнэ. Үүний жишгээр сэтгүүлчдийн цалин нэмэгдэх юм. Ингэхийн тулд сэтгүүлчид төсөл бичиж чаддаг байх ёстой. Энэ чиглэлээр МСНЭ-ээс шат дараатай сургалтуудыг явуулна. Мөн “Сэтгүүлч солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нээлт нь дөрөвдүгээр сарын 18-нд Орхон аймагт болно. Анхны сэтгүүлч солилцоогоор Баян-Өлгий аймгийн сэтгүүлч, зураглаач хоёр Орхон аймагт ажиллана. Цаашид 1000 сэтгүүлчийн орон сууцыг 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлнэ. Аймгийн удирдлагуудтайгаа ярьж газар, дэд бүтцийн асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. МСНЭ-ээс сэтгүүлчдийг эрүүл мэнд, эдийн засаг зэрэг төрөлжсөн сэтгүүлчийг бэлтгэх, цаашлаад мэргэжлийн зэргийг олгодог байхаар ажлууд хийгдэнэ” гэх зэрэг мэдээллийг өгсөнд МСНЭ-ийн Архангай дахь “Сайн-Оюут” салбар зөвлөлийн гишүүд талархаж, ажилд нь амжилт хүслээ.

Энэхүү уулзалтын үеэр Монцамэ агентлагийн Архангай аймаг дахь сэтгүүлч Б.Гэрэлт-Од “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Архангайн толь” сонины сэтгүүлч Х.Цэвэгмэд “Ган үзэгтэн” шагналаар шагнуулсныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр гардуулж өгөв. 

Б.Гэрэлт-Од
関連ニュース