Аймгийн төвийн бүх сургуульд хүмүүнлэгийн танхим байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүмүүнлэгийн өдрийг Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хороо “Инээмсэглэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд аймгийн УЗХ өсвөрийн улаан загалмайчдаар гишүүнчлэлийн эгнээгээ тэлэх, жишиг хүмүүнлэгийн танхимын үйл ажиллагааг бусдад сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Цаашид аймгийн төвийн бүх сургуульд болон анхан шатны хороод дээр хүмүүнлэгийн танхим байгуулахаар төлөвлөжээ.
Японы улаанзагалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Баруун-Урт сумын нэгдүгээр БДС-д хэрэгжсэн "Найрамдал-4" төслийн хүрээнд хүмүүнлэгийн танхим байгуулжээ. Улаанзагалмай, хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахаас эхлээд бусад сургалт сурталчилгааны ажлууд энэ танхимд явагддаг юм.
Японы улаанзагалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Баруун-Урт сумын нэгдүгээр БДС-д хэрэгжсэн "Найрамдал-4" төслийн хүрээнд хүмүүнлэгийн танхим байгуулжээ. Улаанзагалмай, хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахаас эхлээд бусад сургалт сурталчилгааны ажлууд энэ танхимд явагддаг юм.
“Найрамдал төсөл манай сургууль дээр 2014-2016 оны хооронд хэрэгжсэн. Сурагчдад эрүүл мэнд, эрүүл ахуйн мэдлэг олгох нь төслийн гол зорилго байсан. Бид ч энэ зорилгыг сайн биелүүлж, сургагч багшаар бэлтгэгдсэн сурагчдын бүлгэм байгуулан өнөө хүртэл ажиллаж байна. Үүнээс гадна төсөл хэрэгжсэнээр сургуулийн маань орчин нөхцөл жил бүр өөрчлөгдөж, багш сурагчдын сурч боловсрох, ажиллах нөхцөл үнэхээр сайжирсан. Энэ бол хамгийн том үр дүн гэж хэлж болно. Танхимын маань үүд хаалга манай сургуулиар орж ирсэн хүн бүрийн өмнө нээлттэй байдаг. Тиймээс бусад сургуулийнхан ганц энэ өдөр гэхгүйгээр бусад өдрүүдэд хүссэн үедээ ирж туршлага судалж, танхимтай танилцаж болно” гэж сургагч багш Г.Аззаяа хэллээ.
Харин аймгийн хэмжээнд өрнөж буй хүмүүнлэгийн ажлын талаар УЗХ-ны арга зүйч Г.Мэндбаяр хэлэхдээ “Аймгийн УЗХ 60 жилийн түүхтэй байгууллага. Жилээс жилд байгууллагын үйл ажиллагаа тогтворжиж, мөн хамрах хүрээгээ тэлсээр байна. Олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр ард иргэдийн амьдрал ахуйд бодитоор нөлөөлж эхэлсэн. Нийгмийн халамжийн болон, гамшгийн хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Үйл ажиллагаа маань тогтворжиж, сайжрахын хирээр хүмүүнлэг үйлсэд нэгдэх сайн дурын идэвхтнүүд, хүүхэд багачуудын тоо жилээс жилд нэмэгдэж буйг онцолмоор байна” гэлээ.
Мөн энэ өдөр аймгийн УЗХ 100 гаруй өсвөрийн улаанзагалмайчдаар гишүүнчлэлийн эгнээгээ тэлж, шинэ гишүүдийнхээ тангарагийг шилдэг сайн дурын идэвхтнүүдийнхээ хамтаар өргүүллээ.
Т.Одончимэг