“Олимп-Эв нэгдэл” сумдын спортын наадам 14-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-08 17:22:42
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын байгууллага үүссэний 70 жилийн ойн хүрээнд зохиогдох “Олимп-Эв нэгдэл” сумдын спортын наадмын талаар аймгийн БТСГ-ын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Наадам энэ сарын 13-18-ны өдрүүдэд Баруун-Урт суманд болно. Спортын наадмын нээлтийн арга хэмжээн дээр олимпын бамбарыг Сүхбаатар аймгийн шилдэг тамирчдын төлөөлөл бадраана. Бамбарыг тусгайлан Улаанбаатар хотоос авчирч байгаа аж.

Сумдын спортын наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, үндэсний шагай харваа, кросс гүйлт гэсэн таван төрлөөр болно. Аймгийн БТСГ-ын хамт олон өнгөрсөн хугацаанд бүх сумдад ажиллах үедээ иргэдээс наадмын спортын төрлийн талаар судалгаа явуулсаны дүнд дээрх таван төрлийг сонгожээ.

“Энэ наадам арав гаруй жилийн дараа болж байгаа учир бид маш их ач холбогдол өгч байгаа. Ялангуяа нээлтийн арга хэмжээг дээд хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Нэг сумаас ойролцоогоор 40-50 тамирчин ирнэ. 13 сумын баг тамирчид бүгд бүрэлдэхүүнээрээ, мөн урлаг соёлын байгууллагынхан, зочид төлөөлөгчид, иргэд гээд 1000 гаруй хүн хөлбөмбөийг талбайд цуглана гэж тооцоолж байгаа. Ер нь ирэх тав хоногийн туршид Сүхбаатарчууд спортоор амьсгална гэж хэлж болно. Нэг дор олон хүн цугларах учир бид сахилга бат, дэм журам сахих тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана. Уралдаан тэмцээнтэй холбоотой маргаан гаргахгүйн тулд зохион байгуулагчид наадмынхаа удирдамж, зөвлөмжийн дагуу шаардлага тавих болно. Жишээлбэл, сум бүрийн багт зөвхөн тухайн сум орон нутагтаа ажиллаж амьдардаг иргэдийг оруулна гэж заасан. Үүн дээр хяналт тавихын тулд бид улсын бүртгэлийн газартай хамтран ажиллах гэж байна. Мөн олныг хамарсан тэмцээний үед шаадрлагатай цагт төв замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хаана. Ингэхийн тулд Замын цагдаагийн газрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэ мэт бид маш олон байгууллагын тусламжтайгаар энэ наадмыг зохион байгуулах болно.” гэдгийг аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох ярилаа.
 Т.Одончимэг
関連ニュース