Дутуу баригдсан барилгуудын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-17 22:10:50
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уламжлалтын эмнэлэг, бөхийн өргөө, Дарьганга зочид буудал, 16 давхар цамхаг гээд Сүхбаатар аймагт дутуу баригдсан томоохон барилга байгууламж хэд хэд бий. Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар бусад удирдлагуудын хамтаар эдгээр барилгын ажлын явц, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгчээ.

Улмаар улс болон орон нутгийн хамтарсан төсвөөр хөрөнгийг шийдвэрэлж, бүх барилгыг энэ ондоо болон ирэх онд нь багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

“Олон жил царцанги байдалтай байсан барилга байгууламжууд аймаг орон нутгийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нэгэнт эхлүүлсэн зүйлийг дуусгах нь чухал. Хэн хэзээ эхлүүлснээс үл хамааран барилгыг дуусгаж, ашиглах ёстой. Ер нь төрийн ажил гэдэг залгамж халаатай байдаг. Бид түрүү түрүүчийн үед эхлүүлсэн ч дуусгаж чадаагүй ажлуудыг нь үргэлжүүлэн хийх ёстой. Шинэ барилга байгууламж гэхээсээ илүүтэй хамгийн түрүүнд эдгээр царцанги байдалтай байгаа барилгуудыг дуусгахад анхаарч ажиллана.” гэж аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ.

Уламжлалтын эмнэлэг 2014 онд барилгын ажил эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байгаа. Орон нутгийн төсвөөс 800 сая төгрөг шийдвэрлэж өгвөл энэ ондоо багтан ашиглалтад оруулах боломжтой юм байна. Харин аймгийн Засаг дарга эхний ээлжинд орон нутгийн төсвөөс 400 сая төгрөгийг шийдвэрлүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн бусад барилгуудын гүйцэтгэгч нартай холбогдож, барилгуудын ажлыг эрчимжүүлэхээр болсон юм.
Т.Одончимэг
関連ニュース