Ямаа өсч байгаа нь бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-22 09:46:57
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 79 дугаар тогтоолоор "Шилмэл мал", 106 дугаар тогтоолоор “Залуу малчин” дэд хөтөлбөрийг баталсан.Тус хурлаар баталсан  "Залуу малчин" хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран Ховд аймгийн "Залуу малчдын зөвлөлгөөн"-ийг зохион байгууллаа.
"Залуу малчин" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, харилцан туршлага солилцох, малчдын залгамж халааг бэлтгэх, залуу малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг сурталчлах зорилготой тус зөвлөлгөөнд Ховд аймгийн 17 сумын 160 орчим малчин оролцов.
Тус зөвлөлгөөн дээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Лувсан мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр аймгийнхаа ДНБ-ний 42.3 хувийг буюу 127.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэж  дотоодынхоо хүн амын хүнсний хэрэгцээг хангахад зохих хувь нэмэр  оруулж ирлээ. Энэ нь салбарын хамт олон та бүгдийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм” гэж онцлов.
Ховд  аймагт 2017-2018 оны өвөл, хавар нийт 3448,9 мянган мал /үүнээс тэмээ 25,6 мянга, адуу 132,1 мянга, үхэр 200,5 мянга, хонь 1324,3 мянга, ямаа 1766,2 мянга/  хонин толгойд шилжүүлснээр 5169,6 мянган мал өвөлжиж, хаваржиж байна.
Энэ  оны 05 дугаар сарын 20-ны байдлаар  146,2 мянган мал хорогдож , нийт малын 4,1 хувийг эзэлж байгаа бөгөөд  мал хорогдлын ихэнх нь Чандмань,  Дөргөн, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад гарчээ. Онû эцэст тоологдсон нийт малûн 0.7 хувь нь  тэмээ, 3.8 хувь  нь адуу, 5.8 хувь  нь үхэр, 38.5 хувь  нь хонь, 51.2 хувийг ямаан сүрэг эзлэж байна.
Аймгийн малын сүргийн бүтцийг авч үзэхэд сүүлийн дөрвөн жилд  ямааны тоо толгой маш их өсч байгаа нь нэг талаас ямааны ноолуурын үнэ өсч малчдын орлого дээшлэх сайн талтай боловч, байгаль цаг уурын өөрчлөлтөөс өвөлжилт, хаваржилт хүндэрч, бэлчээрийн даац хэтэрч, малчдад малаа өсгөхөд хүндрэлтэй болж байгаа талаар ярилцлаа.
Ховд аймаг нийт малаараа улсад 11-р байранд, тэмээгээрээ 7, адуугаараа 13, үхрээр 19, хониор 12, ямаагаараа 6-р байранд явж байна.
Хөдөө аж ахуйн салбарт ямаан сүргийн эзлэх хувь их байгаа учраас цаашид Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх тал дээр анхаарч иргэд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сүү, махны үхэр, гахай, шувуу, зөгийн бүлийн тоог урьд оноос нэмэгдүүлсэн байх зорилтыг аймгийн залуу малчдын зөвлөлгөөнөөс  дэвшүүллээ.
Тус зөвлөлгөөнд оролцсон малчид мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа байгаль цаг уурын өөрчлөлттэй дасан зохицоход эрчимжсэн мал ахуй хөгжүүлэх, бэлчээрийн тухай хуультай болох, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг мал аж ахуйн гол арга хэмжээний үед олгож байхыг хүсч, санал гаргалаа.
А.Бямбасүрэн
 
 

関連ニュース