Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн 90 гаруй хувь нь Д амин дэмийн дутагдалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-11 14:20:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2016-2017 онд явуулсан “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал-2017” үндэсний V судалгааг өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав.
Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь Д амин дэмийн дутагдалтай гарчээ. 
Үндэсний V судалгаанд Монгол Улсын 21 аймаг 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хорооны 2249 өрхийн 5 хүртэлх насны 2251 хүүхэд, төрөх насны 1944 эмэгтэй, 15-49 насны эрэгтэй 1384, 2220 жирэмсэн эмэгтэй, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулжээ. Энэхүү судалгаагаар Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд амин дэм, эрдсийн дутагдлын тархалт түгээмэл, 2010 оны үндэсний IV  судалгааны түвшингээс буураагүй байгааг тогтоосон байна. Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд ч нэмэгдэж буйг мэргэжилтнүүд хэлж байв.
Тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь, 6-11 насны хүүхдийн 28.6 хувь, 15-49 насны эхчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь илүүдэл жинтэй. Түүнчлэн 5 настай хүүхэд тутмын 9.5 хувь нь А амин дэмийн дутагдалтай гэсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс “Хоол тэжээлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд давс, элсэн чихэр, өөх тосны агууламж өндөртэй бүтээгдэхүүний зар сурталчилгааг хязгаарлах, тэдгээрийн татварыг нэмэх, бие бялдрын хөгжил, эрүүл ахуй, амин дэм, эрүүл хүнсний талаар иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй” хэмээн НҮБ-ын  Хүүхдийн сангийн бүсийн хоол тэжээлийн зөвлөх Кристиан Рудерт онцлов.

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ, ЭМЯ, ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, МХЕГ хамтран зохион байгуулсан тус уулзалтад  180 орчим төлөөлөгч оролцсон юм.
 
Б.Халиун

Гэрэл зургийг Н.Батбаяр

関連ニュース