Их-Уул сумын 95 жилийн ойн баяраар ахмад бөхчүүдийн барилдааныг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Их-Уул сум 95 жилийн ойн баяраа долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Тус сум ойдоо зориулж бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж байна.
Тухайлбал сумын төрийн болон ААН байгууллагуудын санаачлагаар төр, шашны мандан бадрахын билэгдэл Соёмбо бүтээх барилгын ажил хийж байна. Түүнчлэн сумын төвийн хорооллын талбайг хайсжуулах, тохижуулах, гудамж талбайд гэрэлтүүлэг хийж байгаа ажээ. Энэхүү бүтээн байгуулалт, засварын ажлуудыг тус сумын сургуулийг төгссөн төгсөгчид болон зарим компани, иргэдийн хандиваар бүтээн байгуулж байгаа ажээ. Мөн “Миний гоё сум”, “Эко Завхан” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагууд 3000 гаруй мод тарьж ургуулжээ. Мөн бетонон суурь бүхий төмөр хайстай цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил явагдаж байна. Түүнчлэн ойдоо зориулж хоггүй аян өрнүүлж сумын төвлөрсөн хогийн цэгийн хур хогийг бөөгнүүлэх, дарж булах, сумын төвийн орчны болон Идэр гол, төв зам дагуух ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлуудыг хийсэн байна.
Энэ жил тус сумд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс дөрөв дахин их буюу
135 сая төгрөг хуваарилагджээ. Ийнхүү сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж орон нутгийн давсан орлогоос 33 сая төгрөг, нийт 168 сая төгрөгөөр иргэдээс авсан саналын дагуу 14 бараа ажил үйлчилгээг хийхээр төлөвлөж баталжээ. Өнөөдрийн байдлаар Зартын голын гүүрийн засварын ажил, 15 га газарт малын тэжээл царгас тариалж талбайг хаших, хурдан морь барианы газрын тохижилт, баяр наадмын талбайн засвар зэрэг ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгээд байгаа юм байна. Мөн сумын Соёлын төв, музейн засварын ажил, таван цэгт хийгдэх аянга зайлуулагч хийх ажлуудын тендер зарлаад байгаа ажээ. Дашрамд дуулгахад тус суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хичээлийн байр, сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилга, замын хяналтын цэгийг барьж ашиглалтад оруулах, төрийн өмчит 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт сайжирч байна
Их-Уул сумд сум хөгжүүлэх сангаас 173 иргэнд давхардсан тоогоор 655.2 сая төгрөгийн зээл олгоод байна.
Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь иргэдэд хамгийн бага хүүтэй зээлээр олгогдож ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой юм. Тиймээс тухайн сангийн хөрөнгийг зөвхөн төсөл харж олгох биш, бодит судалгаа хийгдсэн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, үйлчилгээний цэг ажиллуулдаг хөрөнгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай иргэдэд олгож байна. Энэ сангийн зээлийн эргэн төлөлт 2014 оноос хойш маш муу байсан. Ингээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, зээл авсан иргэдэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай шаардлага хүргүүлэх. Тосонцэнгэл сумын Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчтай хамтран хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдийг энэ ондоо багтааж зээлийн үлдэгдлээ барагдуулах гурвалсан гэрээг нэмж байгуулан ажилласан нь үр дүнгээ өгч байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн халамжийн мэргэжилтэн давхар хариуцдаг байсныг болиулж Мал эмнэлэг, үржлийн тасгийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд хариуцуулснаар зээлийн эргэн төлөлт сайжирч байна. Өнөөдрийн байдлаар зээл авсан 173 иргэний эргэн төлөлт хугацаандаа хийгдэж байгаа. Сум хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдсан иргэдийн амьжиргаа дээшилж суманд шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх иргэдийн тоо ч өссөн байна хэмээн Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээллээ.
“Их Уулчуудын түүхэн товчоон” ном хэвлэгдлээ
Их-Уул сумын 95 жилийн ойн баяр наадмаар ахмад бөхчүүдийн барилдаан зохион байгуулах гэж байна.
Уламжлалт эрийн гурван наадмаас гадна хос морьтон шалгаруулах, 45-55 насны ахмад бөхчүүдийн барилдаан, сумын цол олгох барилдаан, хүүхдийн барилдааныг дөрвөн насны ангиллаар зохион байгуулах ажээ. Ойн үеэр Улаанбаатар, Эрдэнэт хотуудад суугаа нутгийн уугуул суугуул иргэддээ зориулж тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд, уран сайханчид оролцсон “Их-Уулсын орон мину” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах юм байна. Тоглолтыг тус сумын уугуул Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат хүжигчин Л.Дэмидбаатар найруулж байгаа аж. Түүнчлэн тус сумын уугуул дэд профессор Д.Мөнхбат, ахмад багш Л.Өлзийбат ,Ч.Дашренчин Г.Бавуусүрэн нар сумын үүсэл хөгжлийн түүхийг эмхэтгэн “Их Уулчуудын түүхэн товчоон” нэртэй номыг бүтээн хэвлүүлжээ. Нутгийнхаа сайн сайхан, ирээдүйг даатган бодь суваргыг тус сумын уугуул УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Уртнасан, ”Илч хангай“ ХХК-ийн захирал Д.Батсүх зэрэг хүмүүс ивээн тэтгэн бүтээж суурилуулсан байна.
Завхан аймгийн Их-Уул сум нь хүн амын тоогоороо аймагтаа хоёрдугаарт ордог. Улаанбаатараас Улиастай, Увс чиглэлийн засмал зам дайран өнгөрдөг сум юм. Түүнчлэн төвийн эрчим хүчний системд холбогдсон, Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн сум юм.
Б.Мягмарсүрэн