Далай лам “Лалын улс”-тай яриа хэлцээ хийхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-08 14:33:26

РОМ. /AP/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй яриа хэлцээ хийхийг XIV Далай лам уриалжээ. Түвдийн шашны удирдагч болох тэрбээр Италийн “La Stampa” сонинд даваа гарагт ярилцлага өгөхдөө ингэж уриалсан байна.

“Ойлгож, сонсох эсвэл хүндэтгэл үзүүлэх нь чухал. Өөр зам бидэнд байхгүй” гэж Далай лам үзэж байна.

Тэрбээр бүх тал хэрэгжүүлэх шаардлагатай байгаа энэрэн нигүүлсэхүйн тухай ярьжээ. “Үүнийг зүрх сэтгэлээсээ хийцгээе” гэж тэрбээр уриалсан байна.  Далай лам дүрвэгсдийн асуудлын талаар гаргасан Герман улсын шийдвэрийг энэрэн нигүүлсэхүйн жишээгээр татжээ. “Тус улс тэднийг хүлээн авч, тэжээн тэтгэж маш өгөөмөр хандсан” гэж тэрбээр хэлсэн байна.

“Хүн бүр өөрийн гэсэн шашинтай, итгэл үнэмшилтэй байдаг, гэхдээ нийгэмд олон шашин, олон үнэн байх ёстой” гэж Далай лам үзэж байгаа аж. Лалын шашин бол энх тайвныг эрхэмлэгч, эв эеийг хичээгч шашин юм гэж тэрбээр онцлон хэлжээ.

Мөргөл залбирал нь дэлхийн терроризмын асуудлыг дангаар шийдэж чадахгүй гэж үзэж байгаагаа Далай лам өнгөрсөн сард илэрхийлсэн байна. Тэрбээр энэ асуудлыг зөвхөн Бурханы тусламжийг хүлээлгүйгээр Засгийн газруудын тусламж дэмжлэгтэйгээр гэр бүл, нийгмийн түвшинд шийдэхийг уриалжээ.

Түвдийн шашны удирдагч XIV Далай лам Данзанжамц 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ.

Д.Жаргал

 

関連ニュース