Архангай аймагт Энэтхэгийн Засгийн газраас 20 сая тѳгрѳгийн тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-21 11:48:30
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Архангай аймагт ажиллах үеэр Энэтхэг Улсын Элчин сайд Суреш Бабу хамт иржээ. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, үер, усны улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдлээ.

Мөн тус аймгийн англи хэлний 10 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулахаа бас дуулгав.
Өнгөрсөн долдугаар сарын 19-нд Хашаат сумын нутаг дэвсгэрт орсон аадар бороо, мөндрийн улмаас үер бууж, 16 айлын гэр эвдэрч, хоёр айлын өвөлжөө нурж, 147 мал хорогдсон бол Өндөр–Улаан суманд үерийн улмаас 82 айлын гэр эвдэрч, 200 орчим хашаа, 11 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын дээвэр нурсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссын шийдвэрээр Өндөр-Улаан суманд 26 гэр, Хашаат суманд 16 гэр, нийт 42 гэрийг Улсын нөөцөөс олгосон байна. Шадар сайдад аймгийн Засаг дарга Ц.Мѳнхнасан "Ѳвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын тэжээлийн ургамал 2546,7 га талбайд тариалж, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн 8,0 мянга гаруй га хадлангийн талбайг хашиж хамгаалсан. Газар тариалангийн хувьд нийт 7413,1 га талбайд үр тариа тариалснаас тосны ургамал 1178 га, төмс 251,9 га, хүнсний ногоо 104,6 га талбайд тариалаад байгаагаа хэлээд цаашид аймгийн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Тариат суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүссэн юм.
Б.Гэрэлт-Од
関連ニュース