Архангайн Номын сан уншигчдад шинэ хэлбэрийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-12 14:50:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сан нь 2018-2019 оны хичээлийн жилд уншигчдын хүсэлтээр үйлчилгээний цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, уншлагын танхимууд даваагаас баасан гарагийн 10:00-19:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-17:00 цаг хүртэл ажиллаж эхэллээ.
Мөн үйлчилгээний шинэ хэлбэрүүдээр үйлчилж эхэлсэн байна. Тухайлбал, номоо сольж унших боломж бүхий чөлөөт булантай болгох, чөлөөт цагаараа гар урлал болон бусад зүйлийг сурч мэдэх, сонирхон эзэмших боломж олгох танхим байгуулах, гэр бүлийн уншлага, автобустай уншлага, ангийн уншлага, хүүхэд хөгжүүлэх сургалтуудыг хийх, шагайн наадгайн танхимд эцэг эх, хүүхдийг хамтад нь тоглуулах, эцэг эхчүүдэд номын ач холбогдол болоод хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар ярилцаж, яриа таниулга хийх зэрэг үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Номын сангийн байгууллага нь зөвхөн ном уншуулахаас гадна хүүхдийг хөгжүүлэх, боловсруулах төв байна гэсэн сүүлийн үеийн чиг хандлагын дагуу дээрх үйлчилгээг эхлүүлсэн байна.

Нийтийн болон Хүүхдийн номын ордноороо дамжуулан жилд ойролцоогоор 2000 уншигч шинээр бүртгэж, 35000 гаруй уншигчдад 65000 гаруй ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг байна.

2017-2018 оны хичээлийн жилд нийт 1820 уншигч шинээр бүртгэж, 35415 иргэнд 70450 номоор үйлчилжээ. Үүнээс гадна үйлчилгээгээ өргөжүүлэн ангийн уншлагын үйлчилгээнд Ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах бүлгийн 1775 сурагч долоо хоног бүр хуваарийн дагуу хамрагдаж, 4500 гаруй номоор үйлчлүүлсэн байна. Мөн Боролдой үлгэр унших тогтмол цагийг зохион явуулж, давхардсан тоогоор 2600 гаруй хүүхдийг хамруулжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ