Манхан, Үенч сумын ЗДТГ-ын их засварт хяналт тавьж, хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-13 15:03:34
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр Манхан, Үенч суманд ажиллаж, сумдын Засаг даргын Тамгын газрын байрны засвар болон Манхан сумын БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсангийн нэрэмжит “Алдартан, гавьяатны цэцэрлэгт хүрээлэн”-гийн засварын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа.
Манхан сумын Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлыг “Сутайн цамхаг” ХХК нь аймаг, сум орон нутгийн нийт 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны .өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Засварын ажлын хүрээнд “Сутайн цамхаг” ХХК-нийн 13 ажилтан ажиллаж, барилгын дээврийг засаж, гадна фасад, дотор засал, сантехникийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Манхан сумын Засаг даргын Тамгын газрын 5 өрөөнд супер засвар хийж, 1, 2 дугаар давхарт 500 мкв солонгос хулдаас тавьж, байрны үүдний гадна хэсэгт хальтиргаанаас сэргийлэн даацын хавтан суурилуулжээ. Сумын ЗДТГ-ын урд талбайн тугны суурийг Японы Айка брэндийн өндөр технологийн чулуун гадаргуун эмульсан будгаар будаж өнгө үзэмж, чанарыг сайжруулжээ. Мөн өрөө тасалгааны цахилгааны холбох хэрэгслийг сольж, нэгдсэн халаалтын шугам сүлжээг шинэчилсэн байна. Үүнээс гадна “Нутгийн удирдлагын ордон”-ы хоёр давхрын тагтанд вакуум хаалга суурилуулж, гэрэлтдэг хаяг хийж, гадна гэрэлтүүлгийг сайжруулан гэрлүүд байрлуулсан талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл танилцуулав.

Харин Манхан суман дахь БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсангийн нэрэмжит “Алдартан, гавьяатны цэцэрлэгт хүрээлэн”-гийн засварын ажлыг “Зол дайчин” ХХК орон нутгийн 34 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө дурсгалууд болон 1 га газрын хашааг сэргээн будаж, 4 сүүдрэвч, 8 ширхэг сандал хийж, худаг шинээр гарган, насос байрлуулж, усан оргилуур бүтээн байгуулжээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн хүндэтгэлийн хаалгыг сэргээн засварлаж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор 10 ширхэг гэрэл байрлуулан, 300 мкв явган зам тавьж, 500 мкв талбайд зүлэгжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн саадны материалыг ашиглаж 4 том хаалга хийсэн тухай гүйцэтгэгч компанийн төлөөлөл танилцуулсан юм.
Мөн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлыг “Буянт тэгш үйлс” ХХК нь орон нутгийн хөгжлийн сангаас суманд эрх шилжсэн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Засварын ажлын хүрээнд гадна фасад, дотор засал, сантехникийн урсгал засвар хийжээ.
Барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг нь дээрх засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьсан бөгөөд үүрэг даалгаврын биелэлтээр засварын ажлыг хүлээн авахаар шийдвэрлэв.
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ