Бичил уурхайн талаар сэтгүүлчид дэлгэрэнгүй мэдээлэл авав

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2018-09-14 17:43:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран өнөөдөр “Бичил уурхай ба сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалтыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд зохион байгууллаа.

Сургалтанд УУХҮЯ, Монголбанк, Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд бичил уурхайн талаар тодорхойлт бүхий танилцуулга, эрхзүй, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Манай улсад анхлан хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг 2008 онд Засгийн газраас гаргаснаар бичил уурхайн талаар баримтлах бодлого, эрхзүйн гараа эхэлж, өнөөдөр Ашигт малтмал болон Газрын тухай зэрэг олон хуулиар зохицуулж байгаагаас үзэхэд бичил уурхай хөгжих хууль эрхзүйн хувьд хангалттай орчин бий болжээ. Бичил уурхай эрхлэхийг Ашигт малтмалын тухай хуульд, “...Үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35-р зүйлд заасан нөхөрөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулсан иргэдийн эрхэлж буй үйл ажиллагааг..” хэлнэ гэж заажээ.

2005 оноос манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төсөл нь орон нутгийн иргэд уул уурхайн чиглэлээр алт зэрэг ашигт малтмал олборлож бичил хэлбэрээр албан ёсны зохион байгуулалтад орж амьжиргаа залгуулж сайжруулахад чиглэж, төслийн үр шимийг өнгөрсөн хугацаанд бичил уурхай эрхлэж буй 60 гаруй мянган иргэд болон тэдний гэр бүлийнхэн хэдийнэ хүртээд байна.

Тодруулга: Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 6.6 мянган бичил уурхайч, 800 нөхөрлөл ажиллаж улсад 10 тонн алт борлуулж, 22.9 тэрбум төгрөгийн татварын төлбөр төлсөн үзүүлэлттэй байна.
 
Холбоотой мэдээ