Иракаас гарахыг Турк иргэддээ уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-10 15:25:48

АНКАРА. /Sputnik/. Аюулгүй байдлын үүднээс Иракийн Курдын мужуудаас бусад нутагт аялж буй Туркийн иргэдийг нэн даруй тус улсаас явахыг Туркийн Засгийн газраас анхааруулав.

"Онцын шаардлагагүй бол аль болох хурдан хугацаанд Иракийн мужуудаас явахыг зөвлөж байна.  Дахук, Эрбиль, Сулеймания мужаас бусад мужид буй иргэдэд сэрэмжтэй аялах анхааруулга хамаатай” гэж  Засгийн газрын мэдэгдэлд бичжээ. Тусгайлсан мужууд нь Иракийн хойд нутгийн Курдистаны бүсийн мужууд юм.

Хүчирхийлэл, хүний хулгай болон бусад халдлагад, ялангуяа, Туркийн бизнес эрхлэгчид өртөх аюул нэмэгдсэн гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Мөн “Лалын улс”-тай тэмцэх ажиллагаа явуулж буй газар нутгаас зайлсхийхийг Иракийн Курдын бүс нутагт оршин суудаг Туркийн иргэдэд анхааруулав.

Анкара, Багдадын байдал хурцдаж буй үед уг мэдэгдлийг хийжээ. Туркийн их бууны анги, зуу гаруй цэрэг өнгөрсөн долоо хоногт Иракийн хойд нутагт нэвтэрсэн юм. Уг алхмыг бүрэн эрхт байдалд халдсан гэж үзэн, цэргийн ангиа  эргүүлэн татах 48 цагийн хугацааг Иракийн Засгийн газар өгсөн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ