Трамп нам нэгтнүүдээ тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-11 12:02:29

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр 35 хувийн дэмжлэг авч намын өрсөлдөгчдөө тэргүүлжээ. Энэ тухай телевизийн “CBS” суваг мэдээлсэн байна.

Аравдугаар сард явуулсан санал асуулгын дүнтэй харьцуулахад Трампыг дэмжигчдийн тоо 13 хувиар нэмэгдэж, бусад өрсөлдөгчөөсөө хол түрүүлжээ. Нам нэгтнүүдээ хоёр сарын өмнө тэргүүлж байсан мэдрэлийн мэс засалч Бен Карсон 16 хувийн санал авсан Тед Крузын дараа гуравдугаарт орсон бол Марк Рубиог санал асуулгад оролцогсдын 9 хувь нь дэмжсэн байна. Харин өмнө нь Америкийн Ерөнхийлөгчийн албан тушаалд гол өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байсан Жеб Буш ердөө 3 хувийн санал авчээ.

Санал асуулгад оролцогсдын дийлэнх нь Трампыг америкчуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор лалын шашинтнуудыг АНУ-д зорчихыг хориглохыг санал болгохоос бүр өмнө нийгэм судлаачдын асуултад хариулсныг “CBS” суваг онцлон тэмдэглэж байна.

Санал асуулгыг телевизийн “CBS News” суваг болон “New York Times” сонины захиалгаар 12 дугаар сарын 4-8-нд орон даяар явуулжээ.

Харин Ардчилсан намынхны дотор зарчмын хувьд бараг өөрчлөлт гараагүй бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 52 хувийн саналтайгаар тэргүүлсэн хэвээр байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ