Сурагчдын амралтын хуваарьт малчид бухимдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭЕрөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралт 1 сарын 12-оос эхэлнэ.
1-5 дугаар сурагчид тус өдрөөс эхлэн 21 хоног амарч 2 сарын 1-нд хичээл нь орох бол 6-9 дүгээр ангийн сурагчид 14 хоног, 10-12 дугаар ангийнхан 7 хоног амрах юм. Шинэ жилээр сурагчид амрахгүй ба цагаан сараар 2 сарын 8-аас 14 хүртэл амрах аж. Харин нийслэлийн сурагчид энэ сарын 22-ны өдрөөс эхлэн амрах гэж байна.
Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын хичээлийн амралт малчдад ээлжит бухимдлыг үүсгээд байна. Сургууль амрах бүрт хүүхдээ аймаг, сумын төвөөс ирж авна гэдэг тэдний хувьд тулгамдсан асуудал байдаг бөгөөд хүн хүчгүй, машин тэрэггүй малчид хавь ойрын улсад хүүхдээ захин авчруулах болдог. Гэтэл хоёрдугаар улирлын амралт цагаан сартай ойролцоо эхэлж, бага ангийн сурагчдын хичээл 2 сарын 1-ны өдөр орохоор хуваарилагдсан нь малчдын амьдралд бас нэг бэрхшээлийг үүсгээд байна. “Долоо хоноод л хүүхдээ авах гэж явна, долоо хоноод хүргэх гэж явна. Дахиад долоо хонож байтал цагаан сарын амралт гээд авах гэж явна. Малчид л нэг хийх ажилгүй уйдсан улс шиг санагдаад байгаа юм байх даа” хэмээх хүн захаас аван тааралдаж байгаа юм.
Б.Батчимэг