Америкчуудын дийлэнх нь Обамагийн гадаад бодлогыг сайшаахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-15 16:42:20

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкчуудын тал гаруй хувь нь тус улсын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газрын явуулж буй гадаад бодлогыг сайшаахгүй байгаа бөгөөд түүнчлэн Цагаан ордны тэргүүний хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлтыг хангалтгүй гэж үзэж байна. Үүнийг “Wall Street Journal” сонин болон телевизийн “NBC” сувгийн хамтран явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгын дүнг даваа гарагт нийтэлсэн байна.

Дээрх санал асуулгад оролцсон америкчуудын 70 хувь нь улс орон нь гадаад асуудлын хувьд ч, дотоод бодлогын хувьд ч “буруу чиглэлд явж байна” гэж үзэж байна. Түүнчлэн санал асуулгад оролцогсдын 57 хувь нь одоогийн Засгийн газрын явуулж буй бодлогыг сайшаахгүй байгаа бол 60 хувь нь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд авч буй арга хэмжээнүүдийг нь хангалтгүй гэж үзжээ.

Үүний сацуу, санал асуулгад оролцогсдын 60 гаруй хувь нь АНУ-ын хувьд үндэсний аюулгүй байдлын болон терроризмтой тэмцэх асуудлыг эн тэргүүнд хэлэлцэх ёстой асуудлууд гэж үзэж байна. Найман сарын өмнө энэ үзүүлэлт 39 хувьтай байв. Санал асуулгыг явуулагсдын үзэж буйгаар, Парис болон Сан-Бернардино хотод үйлдсэн халдлагатай холбоотойгоор америкчууд хэт давруу үзэлтнүүдээс учирч буй аюул заналд  сэтгэл түгших нь нэмэгджээ.  Санал асуулгад оролцогсдын 25 гаруй хувь нь өөрсдөө болон гэр бүлийнхэн нь террорист халдлагын бай болж магадгүй гэж болгоомжилж байна.

Санал асуулгыг 12 дугаар сарын 6-9-ны хооронд насанд хүрсэн 1000 иргэний дунд явуулжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ