Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-10 11:02:03

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сантай хамтран номын үзэсгэлэн гарлаа.

Энэхүү үзэсгэлэнд байнгын ажиллагаатай парламент үүссэнээс хойш 25 жилийн хугацаанд хэвлэгдэн гарсан Монголын төрийн тогтолцоо, төр эрх зүйн түүх, парламентын ёс, Улсын бага хурал, УИХ-ын түүхэн товчоо, эмхтгэлүүд, төрийн түшээд, улс төрчдийн тухай ном, хэвлэл болон ойд зориулсан номуудыг уншигч үйлчлүүлэгчдэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын парламент” дөрвөн боть, “Судалгааны эмхэтгэл” хоёр боть, “Улсын Бага Хурлын товчоон, 1990-1992 он”, “Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент-Улсын Бага Хурал /1990-1992 он/”, “Найргийн хуртай монгол парламент”, “Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар: 1990-2015 он” зэрэг номыг олон нийтэд толилуулж байна.

Үндэсний номын санд гарсан үзэсгэлэн 7 хоног үргэлжлэх бол Улаанбаатар хотын төв номын санд дэлгэгдсэн үзэсгэлэн  энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд