Хамгийн ихээр сорьж, урам өгсөн аялал

Дэлхийд | Боловсрол
aminaa@montsame.mn
2015-12-18 16:25:35

РАЙФЛ. /postindependent/. Монголд гурван сар орчим англи хэлний хичээл заагаад ирсэн, бага насны хоёр хүүхэдтэй Лидия Лэбель де Риос, Грегорио Риос нар Талархлын баяраар олон зүйлд талархаж буй нь ойлгомжтой байсан юм. Аяллыг хийх боломжийг бүрдүүлсэн туслалцаанаас  авахуулаад АНУ болон Монголын уудам хөдөө нутгийн хоорондоо асар их ялгаатай амьдрал гээд талархах зүйл тэдэнд хэмжээлшгүй их байгааг Колорадо муж улсын Райфл хот дахь даруухан гэртээ хэдхэн хоногийн өмнө эргэн ирсэн Лидия, Грег нар хэлсэн юм. Монголын үндэсний хөгжим эгшиглэх зуур монгол сүүтэй цай уун, тэд аяллаа дурсав.

"Миний хувьд хамгийн чухал зүйл нь бидний талархал, ялангуяа, бидэнд тусалсан хүмүүст хэмжээлшгүй талархаж байна" гэж Лидия хэлэв.

9 дүгээр сард Монголыг зорихоос нь өмнө тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл байгаагүйг хос хүлээн зөвшөөрөв.

Швейцарийн "Хэлний сургалт ба багш боловсрол" хөтөлбөрийн хүрээнд англи хэл заах аялалд хос явсан байна. Хаана хичээл заах, зардлаа яаж төлөхөө мэдээгүй Грегорио, Лидия хоёр ажлаасаа цалингүй чөлөө авчээ. Райфл хотын "Base Camp", "Olive Ridley’s Coffee Tea & Travel Co","Rifle Moose Lodge 1345 / 2147" болон бусад байгууллага тэдэнд туслалцаа үзүүлсэн байна.

Монголын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймагт гурван сар амьдрах бөгөөд тийш очихын тулд нисэх эсвэл хоёр өдөр автобусаар явах сонголттой гэдгийг тус улсад очсоныхоо дараа Грегорио, Лидия хоёр мэджээ.

Баян-Өлгий аймгийн хүн амын дийлэнх нь казак хэлээр ярьдгийг монгол хэл сурах оролдлого хийсэн Грегорио олж мэдсэн байна.

Хосын аяллын "бал сар" мэт эхэн үеийн байдалд гэнэтийн явдлууд нөлөөлөөгүй боловч 10 орчим өдрийн дараа бодит байдлыг ойлгож эхэлснээ Лидия дурсав.

Гадаадад байх нь тэдний хувьд шинэ зүйл байсангүй. Парагвайд төрсөн Грегорио, Энх тайвны корпуст ажиллаж байсан Лидия хоёул олон улсад аялсан туршлагатай байлаа. Гэсэн хэдий ч тэдгээр аялалд тэдний хүүхдүүд, 8 настай Данте, 4 настай Алекс нар явдаггүй байсан.

"Бид бие бие рүүгээ “Яагаад ингэв?", "Диснейн амралтын юу нь болохгүй байсан юм?" гэсэн янзтай харж байлаа" гэж Лидия наргив.

Хэдэн долоо хоногийн дараа, зарим багш болон англиар ярьдаг сурагчдын тусламжтайгаар Грегорио, Лидиягийн гэр бүлийн амьдрал хэмнэлд орж, чадах ядахаараа казакуудын соёлд зохицов. Тэдний гэр бүл айлуудад уригдаж, тэмдэглэлт явдал, тухайлбал, бүргэдтэй анчид жижиг мэрэгчдийг агнадаг арга хэмжээнд оролцсон байна. Тэд аажимдаа казакуудын хэлц үгийг сурсан бөгөөд Алекс, Данте хоёр аав ээжээсээ сайн сурчээ.

"Тэнд богино хугацаанд амьдрахдаа бид нутгийн хүмүүсийн нэг болсон юм шиг санагдсан" гэж Лидия хэлэв.

Хэвлэлд бичигдэх муу үйлдэл хийнэ гэдэг хүний сүсэг бишрэлтэй хамаагүйг лалын шашинтнууд зонхилдог нутгийн хүмүүс сануулсныг Лидия тэмдэглэв.

Монголчууд үнэхээр мундаг бөгөөд Монгол орны жинхэнэ гоо үзэсгэлэнг тэдний сайхан сэтгэл харуулсан гэж Грегорио хэллээ.

Харин зарим зүйл, жишээ нь, хосуудын хүндэлдэг багшийн ажил хаана ч адил юм. Лидия дээд сургуулийн 80 орчим оюутан, Грегорио VI-XII ангийн ойролцоогоор 250-300 сурагчид хичээл заажээ.

Өмнө нь багшилсан туршлагагүй тул Лидия, Грегорио хоёр хичээлийн төлөвлөгөөгөө сайжруулж ажиллах хэрэгтэй болов.

"Багш хүн ингэж ажилладагт итгэж чадахгүй нь" гэж бодсон үе бий хэмээн Грегорио хэлсэн юм.

Багшийн хувиар баярлах, гуних үе байсан ч, оюутнуудынхаа талархлын хүчээр ажлын стрессээ даван туулснаа Лидия хуваалцсан юм.

"Боловсрол эзэмшиж, ялангуяа, англи хэл сурч байгаадаа их баяртай байгаа нь илт байсан" гэж Лидия хэлсэн юм.

Хичээлийн танхимаас гадуур олон зүйлийг Грег, Лидия нар амжуулж, түүнийгээ өөрсдийн www.gofundme.com/MongoliaRios  цахим хуудсанд баримтжуулсан байна.

Ховд голын цэвэрлэгээнд 60 оюутан, 4 багш, 10 хүний хамт хос оролцож, Лидиягийн ажиллаж байсан их сургуульд дотуур байр шинээр барих ажлын санхүүжүүлэлтэд мөн тусалжээ. Тусламжийн "Give2Asia" байгууллагаас хэсэгчилсэн санхүүжүүлэлт татаж чадсан бөгөөд бүрэн санхүүжтэл нь хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгээ Лидия илэрхийлэв.

"Юу хийснээрээ бахархаж байна. Нутгийн хүмүүсгүйгээр бид хийж чадахгүй байсан. Надад хичнээн ч их санаа байгаад, бусад хүн сонирхохгүй бол, намайг явсны дараа ажил зогсоно шүү дээ" гэж тэрбээр хэлсэн юм.

Грегориогийн хичээл заасан сургуулийн сурагчид, "Cactus Valley" бага сургуулийн 3 дугаар ангийн хүүхдүүдийн хооронд үзэгний найзын хөтөлбөр явуулахыг гэртээ ирсэн тэд найдаж байна.  

Монголд өнгөрүүлсэн цаг хугацаагаа дурсан санаж, уг аялал хамгийн ихээр аз сорьсон атлаа хамгийн ихээр урам өгсөн гэдгийг Лидия, Грегорио нар эргэлзэлгүйгээр нотолсон юм. Аялал дуусахад тэдний гэр бүл, ялангуяа, хүүхдүүд гэртээ харихад бэлэн байсан боловч, сэтгэл хөдлөлөөр дүүрэн салах ёс гүйцэтгэжээ. Гэртээ харина гэж хэлэхэд нь Грегориогийн зарим сурагч уйлсан байна.

"Үнэхээр сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан" гэж Лидия хэлээд, түүний гэр бүл одоог хүртэл АНУ-д эргэн дасан зохицохыг хичээж байгааг дурдав. /Ярилцлагын өглөө тэд өглөөний цайгаа уухаар 4 цагт боссон байна./ гэж Райан Хоффман бичжээ.

 

Холбоотой мэдээ